dobu.mndobu

СУРВАЛЖИЛГА: 2024 онд 4755 хүн ХАВДРЫН УЛМААС нас баржээ

СУРВАЛЖИЛГА: 2024 онд 4755 хүн ХАВДРЫН УЛМААС нас баржээ

Жил бүрийн хоёрдугаар сарын 4-нд  дэлхийн “Хавдрын эсрэг анхаарал хандуулах өдөр” тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан Хавдар судлалын үндэсний төвөөс (ХСҮТ) “Бидний түүх биднийг нэгтгэнэ” уриатай сургалт зохион байгууллаа. Уг сургалтаас дараах сурвалжилгыг бэлтгэсэн юм.

”МОНГОЛ ХҮН ХАВДРЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЭХ ОРОНДОО БҮРЭН АВДАГ БОЛГОХЫН ТӨЛӨӨ ЗОРЬЖ БАЙНА”

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр “Манай алба “Элэг Бүтэн Монгол” хөтөлбөр өрнүүлж, 100 гаруй мянган иргэнийг өвчлөлийн хожуу үеэс сэргийлж оношилсон. Энэ нь ирээдүйд тохиож болох эрсдэлийг бууруулж байгаа юм. Тиймээс аливаа эрсдэлээс сэргийлж, хөнгөн өвдсөн ч заавал эрүүл мэндийн байгууллагад хянуулж, оношлуулах хэрэгтэй гэдгийг иргэддээ сануулмаар байна.

Монгол хүн эх орондоо хавдрын тусламж үйлчилгээг дэлхийн технологиос хоцрохгүй авдаг байх ёстой. Үүний тулд бид шинэ төсөл боловсруулаад байна. Бидний төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэмжиж байгаа. Ерөнхийлөгч 2025 оны эхний гадаад айлчлалаа Турк улсад хийсэн. Тус айлчлалд миний бие хамт явж, ХСҮТ-ийн шинэ эмнэлэг барихад дэмжлэг хэрэгтэй байгаа талаар ярилцсан. Энэ хүрээнд бид нааштай хариуг авч, Турк улстай хамтран ажиллаж эхлээд байна. Долоодугаар сард тус улсын Ерөнхийлөгч Эрдоган Монголд айлчлахаар болоод байгаа. Энэ үеэр дахин, илүү нарийн ярилцана” гэлээ.

-2024 ОНД ХАВДРЫН УЛМААС 8169  ХҮН ӨВДӨЖ, 4755 ХҮН НАС БАРЖЭЭ-

Жил бүрийн энэ өдөр хавдрын өвчлөлтэй холбоотой өмнөх оны тоо баримтыг нэгтгэн мэдээлдэг ажээ. Өнгөрөгч 2024 онд хавдраар хичнээн хүн өвдсөн талаар ХСҮТ-ийн Ерөнхий захирал С.Эрдэнэхүү танилцуулав.

Тэрбээр “Монгол Улсад 2024 онд хавдрын улмаас 8169  хүн өвдөж, 4755 хүн нас барсан байна. Энэ нь 2023 оноос 925 тохиолдлоор буюу 11 хувиар өссөн үзүүлэлт. Нэг талдаа хавдрын тохиолдол нэмэгдсэн харагдаж буй ч нөгөө талдаа эрт илрүүлдэг болоод байгаа юм. 

Сүүлийн жилүүдэд орон даяар эрт илрүүлгийг хийж эхэлсэн нь үр дүнгээ өгч байна. Өмнө нь хавдрыг нь эрт оношилж, аварч чаддаггүй байсан бол одоо эрт илрүүлгийн ачаар анхан шатны үед нь оношилдог болоод байна” хэмээн ярилаа.

2024 онд хорт хавдраар оношлогдсон 8169 тохиолдлыг төрлөөр нь ангилбал,

  • Элэгний хавдраар - 2364 хүн (нийт хавдраар өвдсөн хүмүүсийн 28.9%)
  • Ходоодны хавдраар - 1326 хүн (нийт хавдраар өвдсөн хүмүүсийн 16.2%)
  • Уушгины хавдраар - 549 хүн (нийт хавдраар өвдсөн хүмүүсийн 6.7%)
  • Умайн хүзүүний хавдраар - 521 хүн (нийт хавдраар өвдсөн хүмүүсийн 6.4%)
  • Бүдүүн шулуун гэдэсний хавдраар - 405 хүн буюу (нийт хавдраар өвдсөн хүмүүсийн 5%)
  • Хөхний хавдраар - 399 хүн (нийт хавдраар өвдсөн хүмүүсийн 9.8%)
  • Бусад төрлийн хавдар - 2605 буюу 27 хувьтай байжээ. 

Мөн манай улс дэлхийд элэг, ходоод, уушги, улаан хоолойны хавдраар дээгүүр жагсдаг аж.

 -ХӨХНИЙ ХОРТ ХАВДАР ТУССАН ХҮМҮҮСИЙН 94 ХУВЬ НЬ ХӨХӨӨ БҮТЭН АВХУУЛЖЭЭ-

Дээр дурдсанчлан манай улсад элбэг тохиолддог хавдрын нэг нь хөхний хорт хавдар. Харамсалтай нь уг өвчнөөр өвдсөн хүмүүсийн дийлэнх нь хөхөө бүтэн авхуулдаг байна.

Энэ талаар ХСҮТ-ийн Хөхний төвийн эрхлэгч, эмч, Монголын хөхний хавдрын нийгэмлэгийг үүсгэн байгуулагч П.Батсүх ярихдаа “Хөхний хорт хавдар нь манай улсад тохиолдож буй нийт хавдрын зургаад, эмэгтэйчүүдийн, дунд тохиолдож буй хавдрын дөрөвдүгээрт жагсаж байна. 2023 оны байдлаар нийт хөхний хорт хавдрын 344 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Үүний дийлэнх нь 2-3-р үе шатандаа оношлогдсон байна.

2023 статистикаас харахад хөхний хорт хавдраар өвдсөн хүмүүсийн 47.6 хувь нь 5 жил амьдрах чадвартай байсан. Харин уг өвчнөөр өвдөж буй оргил нас нь 45-49, дундаж нас 51.7 байна.

2023 онд бид явуулын эмнэлгээр Монгол Улсын дөрвөн аймаг 62 суманд очиж, 7939 эмэгтэйд үзлэг хийсэн. Энэ үзлэгээр хөхний 11 хорт хавдар, 316 хоргүй хавдрыг илрүүлсэн юм. Мөн хөхний үрэвсэл, буглаа зэрэг бусад эмгэгтэй хүмүүст аслагдсан хөдөө орон нутагт мэс ажилбар хийх болон бусад эмчилгээгээг үзүүлсэн" гэв.

Үргэлжлүүлэн бид хөхний хорт хавдартайгаа тав дахь жилдээ тэмцэж буй Ш.Ариунаатай цөөн хором ярилцсан юм. Тэрбээр “Наран ижий заяа” нэгдсэн үндэсний төрийн бус байгууллагын (НҮТББ) тэргүүнээр ажилладаг аж.

Ш.Ариунаа “Туяа эмчилгээ даатгалд ороогүй, өртөг өндөр байсан үе л дээ. Тиймээс тэр бүр эмнэлэгт хандаж чаддаггүй байсан юм. Хавдраар өвдсөнөөсөө хойш амин хувиа хичээх биш, бусдын төлөө явах нь зөв юм байна гэж шийдэж төрийн бус байгууллага нээсэн. Одоо 5 жилийн нүүрийг үзэж байна. Нэг хүний бие өвдөхөд гэр бүл тэр чигээрээ хямарч, санхүүгийн эрсдэлд ордог. Хавдартай хүмүүсийг нийгэм хаалттай хүлээж авдаг. Манай улсад хавдрын талаар мэдлэгтэй хүн хомс байдгаас болж биднийг харах өнцөг өөр байдаг” гэж хэллээ.

-2040 ОН ГЭХЭД ХОРТ ХАВДРЫН ӨВЧЛӨЛ, НАС БАРАЛТ 96 ХУВИАР НЭМЭГДЭХ ТООЦОО ГАРЧЭЭ-

Хорт хавдраар өвдсөн хүмүүсийн 64.2 хувь нь хожуу үе шатандаа оношлогддог гэсэн судалгаа гарчээ. Үүний учир нь иргэд хавдрын талаар мэдлэг дутмаг байдгаас болж, эрт оношлуулдаггүйтэй холбоотой аж. Мөн нөгөө талаас зарим төрлийн хорт хавдрыг зөвхөн Хавдар судлалын үндэсний төвд оношилж, эмчилж байгаа нь тухайн хавдрын оношилгоо, эмчилгээг  хүлээлгэдэг байна. 

Энэ байдлаар үргэлжилбэл 2040 он гэхэд хорт хавдрын өвчлөл, нас баралт 96 хувиар нэмэгдэнэ гэж тооцоолжээ.

Иймээс иргэд өөрийн эрүүл мэндийг энэ тэргүүнд тавьж, жил бүр эрт илрүүлэгт хамрагдах шаардлагатай байна. Мөн цаашид эрүүл мэндийн салбар, тэр дундаа хавдрын өвчлөлд анхаарч, шинэ төхөөрөмж нэвтрүүлэх, хавдрын эмнэлэг барих зэргээр оношилгоо эмчилгээ хийх боломжийг нэмэгдүүлэх хэрэгцээ үүсжээ.    

СУРВАЛЖИЛСАН: Ц.АНУЖИН, Б.САРНАЙ

 

Хуваалцах:

|
СУРВАЛЖИЛГА: 2024 онд 4755 хүн ХАВДРЫН УЛМААС нас баржээ

СУРВАЛЖИЛГА: 2024 онд 4755 хүн ХАВДРЫН УЛМААС нас баржээ

13 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Салхи салхилж агаарын чанар эрс сайжрав

Салхи салхилж агаарын чанар эрс сайжрав

8 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Нисэхийн замд зургаан автомашин мөргөлдсөн байжээ

Нисэхийн замд зургаан автомашин мөргөлдсөн байжээ

7 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.