0
Ам.долларын ханш өнгөрсөн оны аравдугаар сарын эхээр 3380 төгрөг байсан. Тэгвэл ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш өнгөрсөн аравдугаар сарын дунд үеэс эхлэн тогтмол өсч 3500 төгрөгт хүрчээ.
Тодруулбал, өнөөдрийн байдлаар ам.долларын бэлнээр авах ханш арилжааны банкуудад 3475 төгрөг байгаа бол зарах ханш 3500 төгрөгт хүрсэн байна.
Харин Найман шарга захад энэ сарын 24-ний 11 цагийн байдлаар худалдан авах ханш нь 3495 төгрөг, худалдах ханш нь 3505 төгрөг болжээ.
Монгол Улсын гадаад валютын улсын албан нөөц 4.9 тэрбум байгаа талаар Монголбанк өнгөрсөн сард мэдээлж байв. Энэ нь таван сарын бараа, эргэлтийн хэмжээг хангах нөөц юм.
Эдийн засагчдын зүгээс өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн ам.долларын ханш тогтмол өсөхөд импортын бараа бүтээгдэхүүн нэмэгдэж байгаа нь нөлөөлж байна гэдэг байр суурийг илэрхийлж байв.
Монголын зах зээл дээр долларыг оруулж ирдэг гол экспорт нь нүүрс байсан. Нүүрсний үнэ буурч, борлуулалт нь багассан учир Монгол руу орж ирэх долларын урсгал багасаж, төгрөгийн эсрэг долларын ханш чангарч байгаа талаар эдийн засагч Л.Оюуны зүгээс хэлж байсан юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөсөн даруйдаа Канад, Мексик, Хятад зэрэг улсын импортын бараанд гаалийн татвар ногдуулахаар болсон. Түүний энэхүү мэдэгдэл дэлхийн зах зээлд хүндхэн дохио өгч байна. Дэлхий даяарчлагдчихсан энэ цаг үед манай улсын эдийн засаг зөвхөн дотоодоос хамаарахаа байж гаднын улсуудын бодлого нөлөөлж буйг энэхүү долларын өсөлтөөс харж болно.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.