Олон хүний сонирхлыг татаж, сэтгэл баясгахуйц нэгэн газар 2017 онд үйл ажиллагаагаа эхэлж байв. Энэ бол “Ulaanbaatar ZOO and Aquarium” буюу Улаанбаатар амьтны хүрээлэн. Тус газрыг багаасаа амьтан тэжээх хоббитой байсан залуус хамтран үүсгэн байгуулж байлаа. Тэр цагаас хойш 40 гаруй төрлийн амьтан 160 гаруй төрлийн загас оруулж ирэн, цэвэр цэмцгэр, тухтай орчин бүрдүүлэхийг зорьж ажилласан. Гэвч тэд санхүүгийн хямралд орж, хаалгаа барихад хүрчээ.

Энэ талаар тус газрын албан ёсны цахим хуудаст “Анх 2017 онд хүүхэд насныхаа тэнэгхэн мөрөөдлөө биелүүлэхээр хэдэн залуус өдөр шөнө, өглөө оройгүй хөдөлмөрлөсөөр тэр жилийнхээ шинэ оны босгон дээр буюу арванхоёрдугаар сарын 29-ний цастай өдөр Улаанбаатар амьтны хүрээлэнгийнхээ үүд хаалгыг хүүхэд багачуудынхаа танин мэдэхүйд зориулан нээж байснаа өчигдөр мэт тодоос тод санаж байна.

Цар тахлаас хойш бид байнга шахуу орлогоосоо давсан зардалтайгаар маш олон сар явсны эцэст байрны түрээс, ашиглалтын зардал болон ажилтан албан хаагчдынхаа цалинг тавих ямар ч боломжгүй болсон тул үйл ажиллагаагаа 7 дахь жилийн босгон дээрээ бүр мөсөн зогсоож буй мэдээг дуулгаж байгаадаа үнэхээр харамсалтай байна.

Мөрөөдлийг минь биелүүлж, өнөөдрийг хүртэл дэмжиж, хүнд хэцүү үед хөнгөлөлт үзүүлж зарим тохиолдолд түрээсийн төлбөрөөс бүрэн чөлөөлж байсан түрээслэгчдээ маш их баярлалаа” хэмээн бичжээ.

Тус газар амьтдынхаа хоол тэжээлд сард 12 гаруй сая төгрөг, цахилгаан, дулаан, усны төлбөрт 10 орчим сая төгрөгийг төлдөг байжээ.

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу