Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын төлөөлөлтэй хийлээ. Уулзалтад нийслэлийн 25, орон нутгийн таван өрхийн эмч оролцож байгаа юм. Уулзалтаар  Эрүүл мэндийн яамны сайд С.Чинзориг илтгэл тавихдаа,“Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний эрх зүйн орчны шинэчлэл” сэдэвт илтгэл танилцуулсан юм.  Тодруулбал, “Улсын хэмжээнд 207 өрхийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаа явуулж, 3614 эрүүл мэндийн ажилтан ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын дундаж цалин 1.5 сая төгрөг байгаа бол ӨЭМТ-ийн эмч, ажилтнуудын дундаж цалин 2.3 сая төгрөг байна гэсэн судалгааны дүн бий.  Цаашид гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог илүү ил тод болгох, шалгуур үзүүлэлтийг  бодит байдалд нийцүүлэх, нийгмийн эрүүл мэнд болон анхан шатны тусламж үйлчилгээний санжүүжилтийг нэмэгдүүлэх  зохицуулалт хийнэ” гэлээ.

Мөн Сэлэнгэ аймгийн “Хараа мандал” ӨЭМТ-ийн дарга О.Бүрэнжаргал:“Сэлэнгэ аймаг өрхийн эрүүл мэндийн  таван төвтэй. Манай эмнэлэг  дөрвөн их эмч, долоон сувилагчийн орон тоотой боловч одоогоор хоёр эмч  л ажиллаж байна. Нэг нь би, нөгөө нь тэтгэврийн насны хүн. Хөдөө орон нутагт, анхан шатанд ажиллах хүний нөөцийг бодлогоор дэмжээсэй гэж хүсэж байна. Мөн өрхийн дөрвөн эмнэлэг дундаа нэг машинтай. Гэр бүл төлөвлөлтийн талаар сургалт зөвлөгөөг боловсролоор дамжуулж өгмөөр байна.

Өрхийн эмнэлгүүд санхүүжилтийнхээ 20 хувийг программ шивсэн эсэхээс шалтгаалж авдаг. Ихэнх цагаа хүнд хүрч үйлчлэхээс илүү бичиг цаасанд зарцуулж байна” гэдгийг онцоллоо.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу