УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийж байна. /2023.05.01/

УИХ дахь АН-ын дарга О.Цогтгэрэл “Өнөөдрийн бүлгийн хурлаар хоёр асуудлыг хэлэлцсэн. Энэ долоо хоногт Боловсролын тухай багц хуулийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуультай хамааралгүй айл, өрх гэж байхгүй. Тэгэхээр энэ бол маш чухал хууль. Тиймээс энэ хуулийн талаар бид тал талаасаа ярилцлаа. Ирэх долоо хоногоос нэмэлт хэлэлцүүлгүүд хийнэ. 

Мөн Ардчилсан намын зүгээс эрх чөлөө хумигдаж байна гэж үзэж байгаа. Бид ардчилсан улс. Гэтэл төр давамгайлсан, төрийн ардчилал болоод хувирчихсан байна. Манай ардчилал илүү иргэнших хэрэгтэй байна. Иргэн, хувь хүний эрх чөлөө рүү илүү хандах хэрэгтэй. Тийм учраас Ардчилсан намаас энэ тал руу түлхүү анхаарч ажиллахаар шийдвэрлэлээ. 

Өчигдөр шөнийн 00 цаг хүртэл Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдсан. Хуралд 300 гаруй гишүүд ирсэн. Энэ талаар Л.Гантөмөр дарга өөрөө мэдээлэл хүргэнэ” гэлээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар Хүний эрхийг 22-р илтгэлийг хэлэлцсэн. Шүүхийн шийдвэргүй баривчилгаа 98 хувьд хүрсэн талаар миний бие асуулт тавьсан. Энэ чиглэлээр ажиллахад асар их зөрчил гарч байна. Дүрэм, журам хуультай зөрчилдөж байна. Үүний үр дүнд залуусын эрх зөрчигдөж байгаа. Тиймээс АН Эрх чөлөөний аяныг эхлүүлж, энэ чиглэлийн хууль тогтоомжийг УИХ-аар яаралтай хэлэлцүүлнэ. Бид Хүний эрхийн дэд хороог хуралдуулах шаардлага хүргүүлсэн. Эрх нь зөрчигдөж буй иргэдээс санал бодлыг сонсож, энэ хуулиудыг УИХ-аар оруулж, яаралтай батлуулна” гэв.

АН-ын дарга Л.Гантөмөр “Үндэсний бодлогын хороо өчигдөр хурлаа хийсэн. Хурлаараа АН-ын удирдлага, УИХ дахь бүлэгт Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжих чиглэл өгсөн. 

Гэхдээ холимог тогтолцоог Үндсэн хуульд оруулахдаа гишүүдийн 60 хувь тойргоос 40 хувь нь жагсаалтаар сонгогдоно гэсэн байр суурьдаа санал нэгдсэн. Учир нь сонгууль болгоноор Сонгуулийн хуулийг хөдөлдөг, олонх бүрдүүлж байгаа хүмүүс нь хуулийг өөрийнхөөрөө өөрчилдөг. Үүнээс нь болоод  парламент тогтворгүй болдог. Тиймээс 60:40 гэсэн холимог тогтолцоог Үндсэн хуульд тусгах саналыг бид өнөөдөр хүргүүлнэ.

Мөн хүний эрхийн чиглэлээр болон Эдийн засгийн эрх чөлөөтэй холбоотой саналыг Үндсэн хуульд оруулахаар санал гаргана” гэсэн юм. 

АН-ын гишүүн Х.Тэмүүжин “Хэрэв ҮХНӨ-тэй холбоотой асуудал яригдах гэж байгаа бол дараах таван багц сэдвийн хүрээнд 18 асуудлыг тусгах саналтай байгаагаа бид хөндлөнгөөс илэрхийлж байна.

  1. Иргэний амьд явах эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарласан зүй бус хязгаарлалтуудыг Үндсэн хуулиас авах ёстой.
  2. Эрх мэдлийн хуваарилалтыг сайжруулах, сонгуулийн тогтолцоог сайжруулах чиглэлээр зоригтой алхам хийх,
  3. Шүүхийн тогтолцоог олон улсын жишигт хүргэж, шүүхийн дотоод эрх мэдэл хуваарилалтын зарчмуудыг хангах замаар, хүний эрхийг хамгаалах чиглэл рүү алхах,
  4. Үндсэн хуульд заасан иргэний эрх, эрх чөлөөг хамгаалдаг, шууд үйлчилдэг эрх зүй болгодог, гудамжинд хаана ч гэсэн иргэний эрх чөлөөг хязгаарлаж байгаа зөрчиж байгаа бол Цэцэд гомдол гаргаж Ерөнхий сайд, ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга гэсэн хэдхэн хүнээр хайрцаглагдах биш иргэдээс санал авдаг бүхий л албан тушаалтнуудад Үндсэн хууль байдгийг сануулах тогтолцоог хийж өгөхгүй бол иргэний эрх чөлөө 1992 оноос хойш цаасан дээр үлдсэн. Тиймээс энэ чиглэл рүү зоригтой алхам хийх ёстой.
  5.  Үндсэн хуульд ойр ойрхон гар хүрснээр Үндсэн хуулийн дархлаа суларч, эрх баригчид Цэцтэй хамсах байдлаар Үндсэн хуулийг өөрийг нь хулгайлдаг болж хувирлаа гэх шүүмжлэл ирж байна. Тиймээс Үндсэн хуулийн дархлааг өөрийг нь Үндсэн хуульд бичихгүйгээр Монгол Улсын тусгаар тогтнол, ардчилал, парламентын засаглал, эрх мэдлийн хуваарилалт гэх мэт суурь зарчмууд эмзэг байх юм байна. Үүнийг Үндсэн хуульд дархлаа байдлаар бичиж өгье гэдэг санал гаргаж байна гэсэн юм.

Үүний дараа сэтгүүлчид асуулт асууж, намын гишүүд хариулт өглөө. 

-Ардчилсан нам ҮХНӨ-ийг дэмжиж байна уу, үгүй юу гэдэгт тодорхой хариулт өгч болох уу?

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжье гэж Үндэсний бодлогын хорооны гишүүд санал нэгдсэн. Холимог тогтолцоог Үндсэн хуульд оруулъя. Гэхдээ 60 хувь нь тойргоос, 40 хувь нь жагсаалтаар сонгогддог байя л гэж байгаа юм. 

-Гишүүдийн тооны тухайд намын гишүүд ямар байр суурьтай байгаа вэ?

-Үндэсний бодлогын хорооноос гишүүдийн тооны талаар тодорхой шийдвэр гараагүй. Зохимжтой тоо бол 100-гаас дээш байж магадгүй. Гэхдээ одоогийн гишүүдийн тоог механикаар 2-оор үржих нь зохимжтой эсэхэд эргэлзэж байна.

-Засгийн газар руу ардчилсан нам саналаа хүргүүлнэ гэж байгаа боловч хөшигний ард бүх намууд тохирчихсон юм байна гэдэг ойлголт нийгэмд байна?

-2015 онд бид ҮХНӨ хийхээр өргөн барьж байсан. Тухайд үед 47 гишүүн гарын үсэг зурж байсан. Харамсалтай нь тоо хүрээгүй учраас өргөн барьж чадаагүй. Тийм учраас энэ бол улс төрийн намууд өнөөдөр үгсэн хуйвалдаад хийж байгаа, шинэ зүйл огт биш. Монгол Улсын хэмжээнд олон жил яригдсан асуудлыг одоо шийдэх нь зүйтэй л гэж байгаа юм. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу