УИХ-ЫН ГИШҮҮН Д.ӨНӨРБОЛОР

Саяхан Вашингтон хотноо чуулсан G20-ийн Сангийн сайд нар, төв банкны удирдлагуудын нэгдсэн хуралдаан хамтарсан мэдэгдэл гаргасангүй (энэ нь нэгдсэн ойлголцолд хүрч чадаагүй болохыг илтгэнэ) өндөрлөлөө. Сүүлийн 5 удаагийн хуралдаан ийнхүү хамтарсан мэдэгдэлгүй өндөрлөөд байгаа юм.

Дэлхийн ДНБ-ний 85%-ийг эзэлдэг Их 20 нэгдсэн ойлголцолгүй болж ирж байгаа нь өөрийн эрхгүй анхаарал татаж байна.Өнгөрсөн 3-р сард Америкийн гурван ч банк дампуурч, Швейцарийн Кредит банк хаалгаа барих дөхөж энэ нь итгэлцэлийн индекс савлахад хүргэж, мөнгө санхүүгийн системд эргэж харууштай олон асуудал хуримтлагдсныг харууллаа.

G-20-ийн дээрх уулзалттай зэрэгцэх шахам нээгдсэн G-7-ийн сангийн сайд нар, төв банкны удирдлагууд дэлхийн эдийн засгийн тогтвортой бус байдлыг хүлээн зөвшөөрч “Глобал санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангахын тулд үүсээд байгаа нөхцөл байдалд тохирсон үйл ажиллагаа явуулах” чухал болохыг хамтарсан мэдэгдэлдээ дурьдсан юм.

Цар тахлын урхаг, Орос-Украйны дайны нөхцөл байдлаас үүдэлтэй санхүүгийн хямрал хөгжиж байгаа орнуудад хүчтэй нөлөөлж, G-20 даргалж буй Энэтхэгийн Моди Ерөнхий сайд яаралтай арга хэмжээ авахын чухлыг онцолж байна. Шинээр хөгжиж буй орнуудад эдийн засгийн бэрхшээлийг даван туулахын тулд олон улсын хамтын хүчин чармайлт чухал бөгөөд худалдаа хөрөнгө оруулалтын урсгалыг голдиролд нь оруулах, нэмэгдүүлэх нь нэн тулгамдсан асуудал мөн гээд Global South буюу Өмнөд, өмнөдийн хамтын ажиллагааны улс орнуудын нэгдмэл дуу хоолойг чухалчилж байгаа юм.

Global South ерөнхийдөө хөгжиж байгаа орнуудыг илэрхийлдэг. Африк, Латин америк, Азийн хөгжиж байгаа орнууд багтах ба НҮБ 77+ Хятад гэсэн байдлаар томьёолдог.Саяхнаас Хятад Улсыг эдийн засгийн том гүрэн гэх утгаар алгассан жишээ гарах болов. 

Сүүлийн үед судлаачид Global South –ийн тухайд “хүйтэн дайны үеийн гуравдагч ертөнц”, “газар зүйн байрлалын хувьд өмнөд гэхээс илүү эдийн засгийн хувьд чинээлэг орон эсэхийг глобал гэдэг нэрийн доор хязгаарлаж авч үзэх”, “Өмнөд, өмнөдийн хамтын ажиллагааны бүтцийн орнуудын хэлхээ холбоо” гэх ийм 3 өнцгөөр тайлбарлаж байгаа юм.

Монгол Улсын хувьд Гадаад бодлогын үзэл баримтлалдаа “ хөгжиж байгаа улсуудтай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн зэрэгцээ НҮБ, 77-ийн бүлэг, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн зэрэг олон талын хүрээнд хамтран ажиллана” гэж тодорхойлсон байдаг. 

Тэгвэл эдийн засгийн хувьд чинээлэг бус “өмнөд”-ийн гэх улс орнуудын хамтын ажиллагаа улам бүр идэвхижиж байна. НҮБ-ийн FCSSC ч ( Finance Center For South-South Cooperation) улс төр, эдийн засаг, соёл, байгаль орчин болон технологийн салбарт өмнөд, өмнөдийн хамтын ажиллагааны хүрээнд өргөн далайцтай ажиллаж байна.

Энэтхэг, Хятад улс Global South бүлэглэл дэх барууны орнуудын улс төр, эдийн засгийн нөлөөллийг уламжилж авахаар хүчтэй сонирхож өрсөлдөх болсон. Хятад улс Африкийн улс орнуудтай тухайлбал Сенегал, Алжир зэрэг орнуудтай техник туслалцааны хамтын ажиллагааг өргөжүүлэхээр гэрээнд гарын үсэг зурж нөлөөллөө батжуулж  байна. Африкийн орнуудтай  худалдаа, аж үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр барууны улс орнуудыг даваад байгаа юм. Саудын Араб, Ирантай ч харилцаа гүнзгийрч байна. 

Энэтхэг улс санаачлан оны эхээр “Global South орнуудын дуу хоолой” онлайн саммит зохион байгуулж, дэлхийн 125 орон үүнд манай улс ч мөн оролцсон билээ. Хятад Улс оролцсонгүй.

Ерөнхий сайд Модди “та бүхний дуу хоолой Энэтхэг Улсын ч дуу хоолой, та бүхэнд тулгарч байгаа асуудлууд Энэтхэг Улсын ч асуудлууд” хэмээн хүнсний хангамж, ядуурлын асуудлаар хөгжиж буй орнуудын хүчтэй дуу хоолой болж цуурайтлаа. Энэ янзаараа 5-р сард Японд болох G-7-ийн саммитад тулгарч буй асуудал, бэрхшээлийг Америк, Япон,ЕХ-д хүчтэй тавьж 77-ийн бүлгийг төлөөлөх үүрэг гүйцэтгэхийг санаархаж буй бололтой юм. 9-р сард G-20-ийн саммитыг хурал даргалагч улсын хувьд зохион байгуулж, хоол хүнс, ядуурлын асуудал, улс орнуудын хүнсний аюулгүй байдлын талаар хэлэлцэж  Global South-ийн удирдагч байх хүсэл зорилгоо илэрхийлж магадгүй юм.     

Эдийн засгийн хувьд ч Энэтхэг улс хүчирхэгжиж байна. Энэтхэгийн GDP 2022 онд Англи Улсыг гүйцэж дэлхийд 5-р байранд орж байна. Ойрын ирээдүйд ХБНГУ, Японыг гүйцэж түрүүлээд 3-р байранд орно гэж судлаачид үзэж байна. Хүн амын сангийн мэдээлснээр Энэтхэг Улсын хүн ам Хятад Улсаас 2.9 саяар илүү гарч дэлхийд тэргүүлж ойрын ирээдүйд 1.7 тэрбум руу дөхөх юм. Гэхдээ 1 хүнд ноогдох ДНБ-ний хэмжээ Хятадын зургааны нэгд хүрч байгаа. Хятадын асар том дэд бүтцийн хөрөнгө оруулалт Шриланка, Пакистан, Бангладеш зэрэг Энэтхэгийг тойрсон улс орнууд руу цутгаж байна.

2030-аад онд Хятад Улс ДНБ-ээр АНУ-г гүйцэж түрүүлнэ гэж судлаачид үзэж байгаа бол PwC зэрэг дэлхийн томоохон консалтинг компаны төсөөллөөр Энэтхэгийн эдийн засгийн өсөлт 2040 он хүртэл улам өссөөр 2050-иад онд GDP-ээр 1-р байранд байх Хятадын 56%, 2-р байранд байх АНУ-ын 82%-тай тэнцэх хэмжээнд очно гэж буй.     

Дайн, хямрал гүнзгийрэх хэрээр Global South хэмээх оршихуйн орон зай улам бүр анхаарал татаж, Энэтхэг Хятад хэмээх хоёр том гүрний байр суурь хүчтэй болж байгааг үгүйсгэх аргагүй юм. Дэлхийн эдийн засгийн хуваагдал бий болгохгүй байхын чухлыг судлаачид тэмдэглээд эхэлжээ.

Энэтхэгийн Делид 3-р сарын 2-4-ны хооронд Ази, Америк,Европын төлөөллүүд цугларч олон улсын тулгамдсан асуудал хэлэлцсэн байна.  

Уг арга хэмжээн дээр Энэтхэгийн талаас Украйны дайны нөхцөл байдлын улмаас   хөгжиж байгаа орнууд хүнс тэжээл, эрчим хүч, ядуурлын аюулд нэрвэгдэж байна, барууны орнууд Украйнд зэр зэвсэгээр туслахынхаа зэрэгцээ хөгжиж байгаа орнуудад үүсээд байгаа дээрх асуудал руу анхаарлаа хандуулах хэрэгтэй, G-20-ийн хурал даргалагч орны хувьд Энэтхэг Улс барууныхны анхаарлыг хөгжиж байгаа орнууд руу хандуулж тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө идэвхитэй ажиллана гэж мэдэгджээ. Энэтхэг Улс Quad-аар Япон,Америк, Австралитай нэгддэг, барууны улс орнуудтай ч найрсаг харилцаатай, төвийг сахих байр суурьтай.Манай Улс Энэтхэгтэй уламжлалт, эртний найрсаг харилцаатай билээ.

ОУВС өнгөрсөн долоо хоногт гаргасан мэдэгдэлдээ 2023 онд дэлхийн эдийн засгийн өсөлт 1% хүртэл савлах магадлалтай гэж мэдэгдэв.Мөн дэлхийн эдийн засгийн бодит өсөлт 2023 онд 2,8%, 2024 онд 3,0% болно гэж төсөөлж байна. Гадаад талд иймэрхүү байгаа бол манай улсын эдийн засагт нааштай өөрчлөлтүүд гарч байгааг тэмдэглэх нь зүйтэй.Хятадын эдийн засаг нээлттэй болж, ашигт малтмалын бүтээгдэхүүний эрэлт өсч, манай эдийн засагт өсөлт бий болох хандлагатай байна. 2022 онд 4.8%-ийн өсөлттэй байсан бол энэ онд 5.4%, 2024 онд 6.1%-ийн өсөлттэй байх төлөвтэй байна.

Энэ өсөлтөө хадгалах, өндөр инфляцаа бууруулах, макро эдийн засгийн тогтвортой байдлаа бэхжүүлэх, удирдлага, санхүүгийн салбарт бүтцийн, төсвийн болон хөрөнгө оруулалтад орчны шинэчлэл хийх, үнийн өсөлтийг бууруулах чиглэлээр дорвитой анхаарч ажиллах хэрэгтэй байна. Бидний өмнө өндөр инфляци, өндөр үнийн өсөлтийг бууруулах, өндөр хариуцлага гэсэн 3 өндөр хүлээгдэж байна.

Юуны өмнө дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжих, хүндрэлийг даван туулах, эдийн засгийн сэргэлт болон өсөлтийг тэтгэх шуурхай арга хэмжээ авч энэ нь дор хаяж аж ахуйн нэгжүүдийг төлбөрийн чадамжгүй болох, ажилгүйдэл нэмэгдэхээс сэргийлсэн бодит дэмжлэг байхыг амьдрал шаардаж байна.  

Юуны өмнө аж ахуйн нэгжүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх, бусад салбаруудыг хамгаалах зорилгоор эрсдлийг бууруулах, цар тахлын нөлөөгөөр улам бүр нэмэгдэж байгаа дижитал хөгжлийн боломжуудыг ашиглахад гадаад харилцааны бодлогыг эдийн засагжуулах, гадаад худалдаа, худалдааны реформуудыг цаг алдалгүй хийх нь чухал байна.  

Дахин хэлье, иргэд, аж ахуйн нэгжүүд гадаад харилцаа, гадаад худалдааны бодлогын үр шимийг бодитоор үздэг байх нь чухал.Үнийн өсөлтийг хазаарлахад худалдаа эрхлэгчдийн ёс зүйд анхаарахын зэрэгцээ дэд бүтэц, ялангуяа тээвэр, харилцаа, дижитал бодлогын төрийн дэмжлэг чухал юм. Ингэж байж цар тахлын дараа улс орнуудын эдийн засаг сэргэх хэрээр иргэд, айл өрхийн хэрэглээг жигдлэх, орлогыг нэмэгдүүлэх нийгмийн хамгааллын бодлого эзэндээ хүрэх болно.            

 Миний бие саяхан эрдэмтэд, нийгэм судлаачид, залуу манлайлагчдыг дэмжих, боловсруулах, чадавхижуулахад ихээхэн хүчин чармайлт тавьж ажиллаж байгаа, улс орнуудын шинжлэх ухаан, бизнес болон иргэний нийгмийн байгууллагын эксперт төлөөллүүдийг бодлого боловсруулагч нартай холбох чиглэлээр дэлхийн хэмжээнд идэвхитэй ажиллаж байгаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүнтэй Монгол-БНСУ-ын Парламентийн бүлгийн даргын хувиар уулзаж санал солилцсон билээ.

“Бан Ги Мүн Сан” Стэнфордын Их сургуулийн Уолтер Х.Шоренштейний нэрэмжит Ази Номхон Далайн Судалгааны Төв хамтран “Номхон далайг дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” (Trans-Pacific Sustainability Dialogue) хөтөлбөрийг эхлүүлэн ажиллаж байгаа юм. Global South буюу хөгжиж байгаа орнуудын хүн амын эмзэг бүлэгт хүрч ажиллах, хүнс тэжээл, эрчим хүчний хомсдол, ядуурлыг бууруулах чиглэлээр асар өргөн хүрээтэй ажлуудыг санаачилж хэрэгжүүлж байна. 6-р сард “Алтай дамнасан тогтвортой хөгжлийн яриа хэлэлцээ 2023, жэндер ба тогтвортой хөгжил” форум Улаанбаатарт болох юм.    

“Сайхан ирээдүйн төлөөх “ Бан Ги Мүний сантай хамтарч ажиллахдаа шийдвэр гаргах төвшинд жендерийн тэгш байдлыг хангахаас гадна хөдөө аж ахуй дахь эмэгтэйчүүдийн дуу хоолойг нэмэгдүүлэх (EVWA) хөтөлбөрт монгол эмэгтэйчүүдийг чадавхижуулах, нүүдлийн соёл иргэншил дэх эмэгтэй малчид, тариаланчид, жижиг аж ахуйн нэгжүүдийн дасан зохицох чадавхийг нэмэгдүүлэх тал дээр техникийн туслалцаа дэмжлэг авахад анхаарлаа хандуулах нь зөв болов уу.   

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу