Монгол Улсын Засгийн газраас Сонгуулийн тухай хууль, Ерөнхийлөгчийн тамгын газраас Улс төрийн намын тухай хуулийг өргөн барьж, парламентаар анхны хэлэлцүүлгийг хийж байна. Харин Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Засгийн газар өргөн барихад бэлэн болов. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл өргөн баригдсанаар парламент 45 хоногийн дотор хэлэлцэн батлах учиртай. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн хэлснээр зургаадугаар сарын 20 гэхэд Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг хийж амжина гэв. Үүний араас Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэнэ. Ингэж л тэд шувтрах цагаан бумбадаа орж, сонгуулийн өмнөх бэлтгэлээ базааж дуусах аж.

Өнгөрөгч бямба гарагт эрх баригч МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын генсек, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар уулзаж Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ярилцсан байгаа юм. Нууц уулзалтын төгсгөлд Ардчилсан нам эрх баригч намын өргөн мэдүүлэх ҮХНӨ-ийн төслийг дэмжихээр болсноор өндөрлөсөн гэнэ. Л.Гантөмөрийг АН-ын даргаар томилуулах тохироо, тамганы хэрүүл, гэрчилгээний ээдрээ бүгдийг нь МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ зохицуулж өгөхөөр болж, Л.Гантөмөр тэргүүтэй АН-ынхан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг нь дэмжихээр гар барьсан талаар өмнө нь бид бичиж байсан. Яг энэ сценарийн дагуу үйл явдал өрнөж байгаа юм.

Тэгвэл Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал нууц уулзалтын маргааш буюу өнгөрөгч ням гарагийн 17 цагт давчуухан товлогдсон. Шалтгаан нь урд өдөр нь МАН-ын удирдлагуудтай уулзаж тохирсон ҮХНӨ-ийн төслийг дэмжүүлэх байв. АН-ын ҮБХ-ны хурлаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх үеэр багагүй маргаан дэгдсэн ч эцэст нь дэмжсэнээр хурал өндөрлөжээ. Тиймээс АН-ын гишүүд үүнийг дэмжихгүй байгаа байр сууриа илэрхийлж эхэлсэн юм. Тухайлбал, Д.Сосорбарам “АН-ын гишүүдээ. ҮБХ-ны ээлжит бус гэнэтийн сандруу хуйвалдааны зөвлөгөөнөөр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг МАН-тай тохирсныгоо хүчээр зөвшөөрүүлэн гамшиг тарилаа. Чоно борооноор гэгч болов. Тэмүүжин ч тэсрэмтгий зүүнтэн байж ээ” хэмээн цахим орчинд өөрийн байр суурийг илэрхийлсэн юм. Ямартай ч өнгөрөгч бямба гарагт МАН, АН-ын удирдлагууд уулзаж, ҮХНӨ-ийн төслийг дэмжих тохироонд хүрсэн байна.

Эрх баригч МАН-ынхан дотооддоо ҮХНӨ-ийг дэмжиж байгаа нь 100 хувь биш. Сонгуулийн тогтолцоо, УИХ-ын гишүүдийн тоо, ҮХЦ-д гомдол гаргахад иргэдийн босго өндөрсөж байгаа гэхчилэн гишүүд дор бүрнээ өөр өөрсдийн дэмжихгүй байгаа шалтгаан бий гэж байсан юм. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зүгээс хайрцаглан оруулж ирээд дэмжүүлэх чиглэл барьж байгаа аж. Гэсэн ч эцсийн байдлаар нэгдсэн саналд хүрээгүй байгаа бол сөрөг хүчин Ардчилсан намынхан ч мөн нэгдсэн байр суурьт хүрээгүй. Наанаа л ҮХНӨ-ийг дэмжиж байгаа гэх ч жирийн гишүүд нь дэмжихгүй гэдгээ илэрхийлээд байгаа юм.

2 САНАЛ

  1. ҮБХ нууцаар хуралдсан юм уу ? Би уг нь албан ёсоороо сонсоогүй юм байна. Ийм хуйвалдаан байж болохгүй. ҮБХ хуралдсан бол УТЗ өө яаралтай байгуулах ёстой байсан даа. Өөр ч ярих хэлэх асуудал олон байлаа !!!!!! Хэрэв дэмжиж болохгүй. Ард нийтийн санал асуулгаар дэмжигдээгүй гэдгийг бүү март. АН ард олныхоо талд зогсох нам шүү

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу