Төрөөс малчдад олгодог урамшууллаас малчдын Нийгмийн даатгалын шимтгэл болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлдөг байдлаар зохицуулах хуулийн талаар УИХ-ын гишүүн Д.Батлут өнөөдөр /2023.05.02/ мэдээлэл хүргэлээ. (Хуулийн талаар ЭНД дарж уншина уу)

Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэндийн даатгал болон НДШ-ийг суутган тооцох хуулийг УИХ-аас батлан гаргасан. 

Одоогийн байдлаар манай улсад 305 орчим мянган мал аж, ахуй эрхлэгч байна. Өөрөөр хэлбэл, нийт ажиллах хүчний дөрвөн хүн тутмын нэг нь малчин байна гэсэн үг юм. Эрэгтэй малчдын 33 хувь нь, эмэгтэй малчдын 38 орчим хувь нь л нийгмийн даатгал төлдөг, 25 хүртэлх насны залуу малчдын 82 орчим хувь нь нийгмийн даатгал төлдөггүй гэсэн тоо гарсан. 

Малчдын 35,2 хувь буюу 107 мянган малчин нийгмийн даатгалд хамрагдсан. 65 орчим хувь буюу 198 мянган малчин нийгмийн даатгалд хамрагдаагүй гэсэн тоон үзүүлэлтүүд байна. 

Энэ тооноос харахад ирээдүйд томоохон эрсдэл гарах нөхцөлийг үүсгэж байна. Нийт малчдын 59,4 хувь буюу 181 мянган малчин Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан. Үлдсэн 40 хувь болох 125 мянган малчин Эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй.

Монгол Улсын эрүүл мэндийн салбар гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд ороод удаагүй байна. Энэ нь эрүүл мэндийн даатгалаа төлсөн иргэн эрүүл мэндийн үйлчилгээгээ авдаг нөхцөлд ажиллаж байгаа гэж ойлгож болно. Тэгэхээр өдөр бүр банк, санхүүд оролцоод байдаггүй малчид, тариаланчид маань маш их эрсдэлтэй нөхцөлд ажиллаж, амьдарч байна. 

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хийсэн судалгаанд малчид жилдээ дөрөв орчим тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалд төлдөг ч 17-18 тэрбум төгрөгийн үйлчилгээ авдаг гэсэн байна.

Тийм учраас бид малчид, тариаланчдад төрөөс олгож байгаа урамшууллаас өөрсдийнх нь зөвшөөрөлтэйгөөр эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нь суутган тооцох хуулийг гаргаж, хэрэгжүүлэхээр боллоо.

Тодруулбал, Малчид, тариаланчдад төрөөс олгож байгаа сүү, арьс шир, ноос, үр тарианы урамшууллаас нь суутган тооцуулж, бүтэн жилээр бичилт хийдэг болгоно. 

Ингэснээр малчид, тариаланчид маань эрүүл мэндийн үйлчилгээг цаг алдалгүй авдаг, нийгмийн даатгалын үйлчилгээнд хамрагдах боломж нь хангагдана гэж үзэж байгаа” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу