Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг өнөөдөр (2023.05.02) боллоо. Энэхүү хэлэлцүүлэгт хөрөнгө оруулагчдын 150 гаруй төлөөлөл оролцсон юм.Энэ үеэр Эдийн засаг, хөгжлийн яамнаас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг  танилцуулж,

  • Хөрөнгө оруулалт татах,
  • Хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг хангах,
  • Татварын орчин,
  • Хөрөнгө оруулалтын хориглолт хязгаарлалт,
  • Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах,
  • Гомдол маргаан шийдвэрлүүлэх,
  • Төрийн захиргааны болон орон нутгийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой өргөн хүрээний асуудлаар панел хэлэлцүүлэг хийлээ.

Панел хэлэлцүүлгийг “Defacto institutе”-үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан чиглүүлж, зочдын асуулт хариултаар үргэлжилсэн юм.

Тэгвэл энэ үеэр “Мандал” санхүүгийн нэгдлийн ТУЗ-ын дарга Ө.Ганзориг: “Харилцагчийн нүдээр асуудлыг харж чадаагүй компани дампуурдаг. Хөрөнгө оруулалтын тухай хууль ярьж байгаа бол хөрөнгө оруулагчийн нүдээр харах ёстой. Ялангуяа энд залуус маш олон байна. 30 настай залуучууд газрын дарга болчихсон л явж байна. Ийм учраас залуучуудад анхааруулж байгаа юм. Хүрэлбаатар сайд нэг хууль гарга гэсэн, хурдхан шивж дуусгаад УИХ руу шидчихье гэсэн хандлагатай байвал ямар ч хөрөнгө оруулалт орж ирэхгүй шүү. Хөрөнгө оруулагчийн нүдээр чин сэтгэлээсээ асуудалд хандаарай гэж хүсмээр байна” гэсэн юм.

Мөн Монгол Улсын Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: “ Хөрөнгө оруулалтыг арай өөр нүдээр харж үзэх цаг болсон. Гадаадын хөрөнгө оруулалттай компани Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа үед олон төрлийн маргаан гардаг. Зарим нь шүүхээр явахаар хамгийн багадаа 1.6 жил зарцуулдаг. Хамгийн ихдээ 16 жил зарцуулсан жишээ хүртэл байна. Урт хугацааг маргаан шийдвэрлэхэд зарцуулаад эргээд үйл ажиллагаа явуулна гэдэг өөрөө маш их хүндрэл дагуулж байгаа юм. Энэ тал дээр илүү их боломжийг нээж өгөх, маргаан авч хэлэлцдэг зөвлөл байгуулах зэрэг асуудлуудыг ярилцлаа. Хаа сайгүй бодлогын хүү өсчихсөн байгаа энэ үед  гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ирэх нь хөгжлийн маш том хөшүүрэг болно гэж үзэн энэхүү хуулийн төслийг боловсруулахаар хэлэлцэж байна. Хөрөнгө оруулагчдын хувьд Монгол сонирхолтой орон хэвээрээ байна.

Мөн Эдийн засгийн хөгжлийн яам байгуулагдсанаас хойш Засгийн газарт хөрөнгө оруулагч нарын гомдлыг танилцуулдаг болсон. Нэр бүхий 30 орчим компанийн гомдлыг, асуудлын хамт танилцуулж ярилцаад байна. Үүнээс хөрөнгө оруулагч нарын гомдолтой зүйл, алдаа оноог үүнээс тодорхойлоод хуулиа засаад явж байгаа. Энэ хууль гарангуут гадаадын хөрөнгө оруулагчид шууд ихээр орж ирэх юм биш. Одоо байгаа хөрөнгө оруулагч нарынхаа ч эрх ашгийг илүү авч үзэх шаардлага бий болсон. Энэ бүх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна, цаашид ч улам боловсронгуй болгоно” гэдгийг онцолсон юм. 2013 оноос хойш Хөрөнгө оруулалтын тухай хуульд нийт 11 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг аж.

Дашрамд дурдахад, Монгол Улсад сүүлийн 30 жилд нийт 39,7 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орж иржээ. 2012 оноос хууль эрх зүйн өөрчлөлт, зах зээлийн нөхцөл байдлын улмаас хөрөнгө оруулалт эрс буурч, 2017 оноос сэргэх үйл явц ажиглагдан одоогоор 2,5 тэрбум орчим ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт жилдээ орж ирж байгаа гэсэн судалгаа гарчээ. Үүний 50 орчим хувийг Оюу Толгой компанийн хөрөнгө оруулалт эзэлдэг юм байна.

А.Сайханбаяр

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу