Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг өнгөрсөн долоо хоногт УИХ-аар хэлэлцсэн билээ. Үүнтэй холбоотой гарсан дүгнэлтийг талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг өнөөдөр /2023.05.02/ мэдээлэл өглөө. (Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг ЭНД дарж уншина уу)

Тэрбээр “Монгол Улсад халдашгүй чөлөөтэй байх эрхийг шүүхийн болон хэргийг мөрдөн байцаах шатанд зөрчиж байна. Ялангуяа шүүхийн тогтоолгүйгээр хүнийг цагдан хорьдог асуудал байна. Ийм нөхцөл бүрдүүлэх заалтууд одоо үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон байгаа. 

Тухайлбал, сэжигтнийг оргон зайлах үндэслэлтэй, гэмт хэргийг төгс хийх боломжтой, эсхүл тухайн гэмт хэргийн нотлох баримтыг устах эрсдэлтэй гэдэг шалтгаанаар шүүхийн тогтоолгүйгээр баривчлан хорьж байгаа. Энэ нь Үндсэн хуульд заасан халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж байна гэж үзэж байна.

Тийм учраас хүний эрхийн комиссоос Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тодорхой заалтуудад өөрчлөлт оруулах, үндэслэлгүйгээр хоригдсон тохиолдолд цагийн болон бусад хязгаарлалтыг тавих,  тухайн хоригдсон болон баривчлагдсан иргэний эрхийг прокурорын зүгээс яаралтай сэргээх, олон улсын жишгээр тухайн хэрэгт сэжиглэгдэж байгаа иргэний хэргийг богино хугацаанд шүүхээс шийдвэрлэх зэрэг зохицуулалтуудыг хийх шаардлагатай гэж үзсэн. 

Мөн төрийн албан хаагчийн нийгмийн баталгааны тухайд, төрийн хэмнэлтийн хуулиар онцгой, тусгай, хилийн цэрэг зэрэг салбарууд дахь төсвийг хэмнэсэн нь цалин хөлс доогуур байх, ажиллах нөхцөл байдал хангагдахгүй гэх мэт зөрчлүүдийг үүсгэж байна.

Хэдийгээр ахмад настны хууль байгаа ч гэсэн ахмад настнуудын эрх зөрчигдөж байна. Ахмад настны хөгжлийн төв хангалтгүй, эрүүл мэндийн үйлчилгээ авах хүртээмж хангалтгүй байна. Тиймээс нийгмийн даатгал болон тэтгэврийн хуулийг яаралтай шинэчлэх шаардлагатай байна гэж үзсэн.

Сурагчдын дотуур байранд гарч буй зөрчлүүд их байна. Хөдөө орон нутгийн сургуулийн сурагчдын дотуур байрны өрөөнд камер байршуулсан, зарим охидын өрөө дотроосоо цоожлох боломжгүй, дурын хэн нэгэн нэвтрэх эрсдэлтэй гэх мэт асуудлууд байна. Тиймээс үүнийг УИХ-аар одоо хэлэлцэж байгаа Боловсролын ерөнхий хууль болон бусад хуульд тусгах хэрэгтэй” гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу