УИХ-ын гишүүн Г.Дамдинням Боловсролын тухай багц хуулийн төслийн талаар өнөөдөр /2023.05.02/ мэдээлэл хүргэлээ. (Хуулийн төсөлтэй ЭНД дарж танилцана уу)

Тэрбээр “Боловсролын тухай багц хуулийн төслийг хоёр жилийн турш хэлэлцэж байна. Энэ хугацаанд 29 удаагийн ажлын хэсгийн хуралдаан, 58 удаагийн дэд ажлын хэсгийн хуралдааныг зохион байгуулсан байна. Улмаар 2022 оны 10-р сард бүх хуулиудыг нэгтгэж, дөрвөн багц болгосон.

Хуулийн төсөл нь 52 зүйлтэй, 300 гаруй заалттай. Манай улс 1992 оноос хойш анх удаа боловсролын тогтолцоогоо нэг бүтэн цогцоор нь авч үзэж байна. Сургуулийн өмнөх боловсролоос насан туршийн боловсрол хүртэл боловсролын бүх түвшинд авч үзэж байгаа. Боловсролын хуулиуд хоорондоо уялдаагүй, үзэл баримтлалаа алдсан, зорилго чиглэлгүй, хямралын байдал руу орсон учраас уг хуулийг шинэчилж байгаа юм.

Одоогийн байдлаар,

  • Боловсролын ерөнхий хууль
  • Сургуулийн өмнөх ерөнхий боловсролын тухай хууль
  • Дээд боловсролын тухай хууль
  • Мэргэжлийн боловсролын тухай хууль гэсэн дөрвөн багц хуулийг төлөвлөж, бэлтгэсэн.

Энэ хуулийн төслийг нөгөөдөр байнгын хороодын хурлаар хэлэлцээд, Пүрэв гарагийн чуулганы хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийнэ.

Хуульд тусгасан онцлох агуулгыг хүргэвэл, 

Нэгдүгээрт, Хуулийн хүрээнд багш нарын цалин, урамшуулалтай холбоотой асуудлыг ярилцсан. Тус салбараас ирж буй гомдол саналын 80 хувийг цалингийн асуудал эзэлдэг. Тийм учраас, Тухайн салбарын хуулиар цалинг зохицуулдаг нь төсөвтэй зөрчилдөж байгаа учраас Засгийн газарт чиглэл өгөх замаар цалин нэмэгдүүлэхээр ажиллана.

Хоёрдугаарт, Боловсролын салбарынхан гадаад руу ажиллахаар явж байна. Бид чадвартай боловсон хүчнээ гадаад улс руу алдаж байна. Тийм учраас багш нарын ажлын байрандаа давтан суралцах боломжийг нээж, хэн сайн ажиллаж байгаа нь өндөр цалин авдаг тогтолцоотой болно.

Мөн сургуулийн орчинд ажиллаж байгаа ажилчдын нэг хүүхдийг улсын сургуульд үнэ төлбөргүй сургадаг болно.

Багшид нэмэлт ачаалал өгөхийг хуулиар хатуу хориглоно. Одоо бол ЕБС-д ажиллаж байгаа багш нар дүүргийн, аймгийн, сумын бүх тооцоо судалгааны мэдээллийг бүрдүүлдэг болчихсон байгаа. Сурган хүмүүжүүлэх ажлаа хийх цаг, зав бага. Хийж байгаа нийт ажлынх нь 50-60 хувь нь багшлахтай холбоогүй ажил байна. Үүнийг хуулиар хориглоно” гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу