Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2023.05.02/ хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр гишүүд эмийн чанар муу байгааг хөндөж, эмийн үнэ болон чанарт хосолмол байдлаар анхаарна. Гэхдээ үнээс илүү чанарт анхаарах хэрэгтэй талаар байр сууриа илэрхийлэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батжаргал “Хуулийн төсөлтэй холбогдуулан санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад чанартай эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах нөхцөл боломжийг хангасан журам, дүрмийг боловсруулах чиглэлийг Байнгын хорооны тэмдэглэлээр өгөх, цаашлаад төсөлд дамжуулан худалдан авах гэдэг ерөнхий нэр томьёог тодорхойлж, илүү нарийвчлах шаардлагатай” гэсэн санал хэлж байлаа. 

Монгол Улсын эмийн зах зээл 650 тэрбум төгрөг байдгийн 220 тэрбум төгрөгийг нь улсын төсвөөс санхүүждэг. Үүний 50 орчим тэрбум төгрөгийг эмд зориулдаг аж. 

Мөн Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Эмийн асуудал Үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой стратегийн бүтээгдэхүүн. Эмийн худалдан авалтад чанар ба үнийн хосолмол арга, шалгуурыг нэмж оруулсан. Зөвхөн чанарыг харгалзана гэвэл өрөөсгөл асуудал болно. Иймд чанар ба үнийн хосолсон зохистой харилцааг харгалзан үзнэ гэж тусгах нь зөв. Өнөөдөр үнийн нөлөөлөл 70, чанар 30 хувь байна гэсэн журам батлаад хэрэгжүүлж байсныг өөрчлөөд чанар нь 70, үнийн нөлөөлөл 30 хувь гэдэг юм уу ийм харьцаатайгаар зохицуулъя гэж ярилцсан.

Импортоор оруулж ирж байгаа эмийн зах зээлийн тавхан хувийг энэ шалгуураар худалдан авах юм. Үлдсэн 95 хувийг эм ханган нийлүүлэх аж ахуйн нэгжүүд оруулж ирж байгаа тул хуулийн төслийн 36.1.2 дахь заалтаар гадаад улс орны олон улсын чанарын шаардлага хангасан эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, вакциныг үйлдвэрлэгч болон олон улсын байгууллагаас шууд болон дамжуулан худалдан авах  эрхийг нь нээж өгсөн.  Энэ нь том эргэлт болно” гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу