Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг Налайх дүүргээс удирдан явууллаа. Дүүргүүдэд тулгамдаж байгаа асуудлыг шуурхай шийдвэрлэх, нөхцөл байдалтай танилцах үүднээс тэрбээр шуурхай зөвлөгөөнийг аль нэг дүүргээс цахим болон танхимаар хийж байхаар шийдвэрлэсэн билээ.

Уг хуралдаанаар Нийслэлийн хэмжээнд гарсан гэмт хэрэг, зөрчил болон цаг үеийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Захиргаа, удирдлагын газрын дарга, хурандаа Ц.Сугаржав танилцуулсан юм.

Тодруулбал, Нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 2443 бүртгэгдсэн нь 14 хоногийн өмнөхтэй харьцуулахад 10.5 хувиар буурсан байна. Мөн хугацаанд 1550 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд энэ нь мөн хугацаанаас 24.3 хувиар өссөн үзүүлэлт аж. Харин хулгайн гэмт хэрэг 11.2 хувиар, дээрэм 36 хувиар, залилан 10.9 хувиар буусан байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчил гарч болзошгүй гудамж талбай, олон нийтийн газар, цэгүүдийг эргүүлийн хяналтад авч, 141 алба хаагч 88 чиглэлд үүрэг гүйцэтгэн 1678 иргэн, 1215 тээврийн хэрэгсэл, 56 аж ахуй нэгж байгууллагыг шалгасан байна. Түүнчлэн цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах асап санд зарлагдсан 54 хүнийг олж тогтоон, Зөрчлийн тухай хууль зөрчсөн 532 хүнийг 26,4 сая төгрөгөөр торгож, замын хөдөлгөөний аюулгүй байдал зөрчсөн 451 зөрчлийг илрүүлж шийдвэрлэжээ.Мөн нийслэлийн нутаг дэвсгэр, гудамж талбай, олон нийтийн газарт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэхээр морьт эргүүлээр 10 чиглэлд 20 алба хаагчийг ажиллуулж байгаа юм. Түүнчлэн хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, ослын шалтгаан нөхцөл, хор уршгийг хүүхдүүдэд таниулах зорилгоор 10 төрлийн анимэйшин видео контент бэлтгэж, нийслэлийн харьяа 281 сургуулийн 13284 сурагчид үзүүлжээ.

Зам тээврийн осол, хэрэг зөрчлийг бууруулах чиглэлд авто замын тэмдэг, тэмдэглэгээг шалгах, сайжруулахад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга анхаарууллаа.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу