Замын-Үүд зангилааны төмөр замчид дөрөвдүгээр сард өргөн царигаар 1 удаа 14, 27 удаа 15, 2 удаа 16 буюу нийт 451 галт тэрэг БНХАУ-ын талд хүлээлгэн өгчээ. Ингэснээр УБТЗ ХНН Замын-Үүдийн боомтоор БНХАУ-ын талтай хоногт 15 галт тэрэг солилцсон гэсэн үг юм.

Хоногт дунджаар 15.03 галт тэрэг солилцсон амжилтыг тогтоожээ. УБТЗ-ын удирдлагууд Замын-Үүд–Эрээн боомтын галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх замаар боомтын үйл ажиллагааг идэвхжүүлж, экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг өсгөхөд онцгой анхаарч, энэ талаар Хятадын талтай ярилцаж, тодорхой үр дүнд хүрч эхэлсэн байна.
УБТЗ ХНН оны эхний улирлын байдлаар нийтдээ 8.1 сая тонн ачаа тээвэрлэж төлөвлөгөөгөө 106.9 хувиар биелүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 29.8 хувиар илүү гарсан байна. Тээвэрлэсэн ачааг ангилвал:

  • экспортоор 2.8 сая тонн,
  • импортоор 782 мянган тонн,
  • орон нутгийн 3.3 сая тонн,
  • транзит тээврээр 1 сая 97 тонн ачаа тус тус тээвэрлэжээ.

Эдгээрээс экспортын ачаа тээвэр өнгөрсөн оны мөн үеэс 96.2 хувиар гарч, уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт эрчимтэй нэмэгдсэн байна.

Дээр дурдснаар, дөрөвдүгээр сард хилийн гарцаар хоногт тогтмол 15.03 галт тэрэг солилцохдоо 15 дахь галт тэргийг ЗТХЯ-наас ирүүлсэн чиглэлийн дагуу экспортын нүүрстэй галт тэрэг байхаар зохион байгуулж, БНХАУ-ын талд хүлээлгэн өгч байна. Ингэснээр УБТЗ жилдээ өмнөх жилүүдийнхээс 1.2 сая тонн экспортын нүүрс илүү гаргах нөхцөл бүрдсэн талаар мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу