Украин Оросын дайн нэг жил гаруй үргэлжилж байгаа юм. Дайнд хоёр тал нисгэгчгүй онгоц ашигласан анхны томоохон дайн болж байгаа талаар олон улсын мэргэжилтнүүд хэлж байна. Мэргэжилтнүүд нисгэгчгүй онгоцууд хор хохирлыг улам нэмэгдүүлж, дайны дүр төрхийг өөрчилж байна гэж мэдэгдэж эхэллээ. Ингэснээр нисгэгчгүй онгоц чухал эсэх маргаан энд дуусаж байгаа талаар мөн онцоллоо.

Өнөөдрийн Украины нөхцөл байдал маш хүнд байгаа бөгөөд хоёр тал их хэмжээний хохирол амсаад байна. Украины дайн нь дэлхийн нэгдүгээр дайны үеийнхтэй төстэй боловч шинэ тутам ашиглагдаж байгаа зэвсэг, нисгэгчгүй онгоцны хор хохирлоороо 21 дүгээр зууны дэлхийн нэгдүгээр дайн болж байгаа талаар АНУ-ын Тэнгисийн явган цэргийн хурандаа, Стратеги, олон улсын судалгааны төвийн ахлах зөвлөх Марк Кансиан Insider сэтгүүлд ярьжээ.

Украин, Орос аль аль нь бие биенээ тагнаж, урьд өмнө хэзээ ч байгаагүй том цохилт өгөхийн тулд янз бүрийн хэлбэр, хэмжээтэй нисгэгчгүй онгоцыг ашиглаж, дайн тулааны дүр төрхийг өөрчилж байна. Нисгэгчгүй онгоцыг дайсны байрлалыг олж, галын зүг чиглүүлэх, “камиказе”-ын дайралтаар барилгуудыг мөргөж, устгах, танк руу бөмбөг хаях зэрэгт ашиглаж байгаа юм. Байлдааны ихэнх хэсэг нь бартаа саад их, аюултай том талбай бүхий хөдөө орон нутагт болж байгаа нь Дэлхийн нэгдүгээр дайны үеийн цогцос дүүрэн “Хүнгүй газар”-тай дүйцэхүйц байна. Орчин үеийн дрон энэ дайнд чухал үүрэг гүйцэтгэж буй бгөөд үхлийн аюултай хэрэгсэл болох нь батлагдаад байна. Орос, Украины талууд камер эсвэл бусад мэдрэгчээр тоноглогдсон нисгэгчгүй онгоцыг ашиглан дайсныг илрүүлж, алсаас дайралтыг зохицуулж байгаа аж.