УИХ-ын дарга Г.Занданшатар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр “Манай улс ч бас өөдрөг шүү. Далайд гарцгүй хэрнээ далайн тээвэр хариуцсан гурван даргатай” хэмээн хошигноод авсан. Монгол Улсад Зам тээвэр, хөгжлийн яамны харьяа Далайн захиргааны газар гэж бий. Байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл ямар үйл ажиллагаа явуулж ирсэн нь тун ойлгомжгүй байдаг тус газрынхан БНСУ-д туршлага судлах, сургалтад хамрагдахаар нэрээр долоо хоног зугаалаад иржээ. 

Тэд БНСУ-ын Далай, загас агнуурын технологийн дээд сургуульд “Далайн хөлгийн ур чадварыг дээшлүүлэх сургалт”-д хамрагдсан талаар gukjenews.com сайтад мэдээлжээ. 2022 оны зургаадугаар сард Монгол Улсын Далайн захиргаатай байгуулсан санамж бичгийн үндсэн дээр Солонгосын Далайн тээвэр, загас агнуурын судалгааны хүрээлэнгээс өнгөрөгч сарын 23-наас 30-ны хооронд Монголын Далайн захиргааны албан хаагчдад далайн чадавхийг бэхжүүлэх, зорчигч тээврийн хөлөг онгоцны анхан шатны сургалтад хамрагдсан байна. Мөн БНСУ-ын Далайн тээврийн аюулгүй байдлын газраас явуулсан хөлөг онгоцны байцаагчийн сургалтад суужээ. Далайн чадавхийг хэрхэн бэхжүүлсэн, зорчигч тээврийн хөлөг онгоцны сургалт ямар хэрэгтэй байсан гэж. 

Монгол Улсын Засгийн газар БНСУ-ын Далайн хүрээлэнтэй 2013 онд далайчин бэлтгэх гэрээ байгуулж байсан. Энэ хүрээнд Далайн дээд сургуулийн “Ocean polytech” дамжаагаар Монголд анхны далайн инженерийг бэлтгэж эхэлжээ.

Далайд гарцгүй манай орны хувьд төсвийн мөнгөөр ийнхүү хүмүүсийг зугаалуулах боломж хэр байдгийг бодолцох ёстой юм. Байгууллагынхаа Шилэн дансыг хангалтгүй хөтөлдөг, сүүлийн саруудынхаа мэдээллийг огт оруулаагүй байгаа тус газар хэн хүний нүднээс далд чимээгүйхэн үйл ажиллагаа явуулдаг. Далайд гарцгүй ч ийнхүү найман хүнийг БНСУ-д туршлага судлах, сургалтад хамруулах нэрээр явуулаад ирсэн байна. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд цахимаар хамрагдах боломжтой сургалтуудад төсвийн мөнгө уйлдаггүй гэдгийг батлах гэсэн шиг энэ мэт аялал, зугаалгаа зогсоовол яасан юм бэ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу