Засгийн газрын “Шувуу” ажиллагааны хүрээнд таван жилийн өмнө Замын-Үүд боомтоор УАЗ 469 машинд суун хил даван зугтсан Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунайг Филиппин улсаас авч ирэн 461 дүгээр ангид саатуулсан. Тэрбээр монголд ирсэн даруйдаа хуулийн байгууллагынханд ам нээгээгүй бөгөөд өнгөрөгч долоо хоногийн сүүлээр АТГ-ын комиссаруудад зарим хүмүүсийн нэрийг хэлж эхэлсэн байна. Түүний амнаас гарсан нэрс нь АТГ-ынханд хамгийн том “олз” болж байгаа аж. Түүнийг монголд авч ирсэн гол шалтгаан нь нэр хэлүүлэх байсан. Тиймээс Т.Бадамжунай хотын төвийг бетон ширэнгэ болгосон барилгуудын эзэд, Туул гол дагуу олгосон амины сууц, Богд уулын аманд боссон үнэтэй хаус хорооллын газруудыг хэн хэрхэн ямар замаар авсан талаарх ноцтой баримтуудын талаар дуугарч, нэр зааж эхэлжээ. Үүнд, барилгын томоохон компанийн эзэд, одоогийн зарим УИХ-ын гишүүн, УИХ-д сууж байсан хүмүүс, нөлөө бүхий албан тушаалтнуудын нэрс ч багтсан бололтой.

Түүнчлэн Филиппинд тарвалзаж байгаад хаврын хавсарга тавьсан өдөр эх орондоо ирсэн цагаас хойш хэдэн хүүхдүүд нь л эцгийнхээ араас сураг ажиг тавьж яваа аж. Ямар сайндаа улс төрд мөр зэрэгцэж, хор, гайг нь цэгцэлж өгсөн, түүнээс тус авч төрийн гурван өндөрлөгийн хэмжээнд хүртэл дэмжлэг авч ирсэн хүмүүсээс “яав, ийв” гэх хүн гараагүй тул сэтгэл гонсгор байгаагаа ч хэлсэн байх юм.

Шударга ёс тогтооно гэж лоозогнож байгаа Засгийн газрын хувьд анхны шувуу нь Т.Бадамжунай байсан. Ирсэн шувуу ямартай ч нэлээд нэрс хэлсэн байгаа юм. Харин хэн хэний нэрийг хэлсэн бэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.

Зарим эх сурвалжийн мэдээллээр Засгийн газарт таалагдахгүй бүх хүний нэрийг эхнээс нь хэлсэн гэх мэдээлэл бий. Мандах цагтаа монгол төрийн томилгоонд оролцож, намынхаа санхүүжилтийн асуудлыг хариуцаж ирсэн түүний хувьд айхгүй ч гэсэн аягүй гэгчээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн таалалд нийцэхийн тулд нэрс хэлж эхэлсэн гэх.

Сонгуулийн үеийн намын санхүүжилтээ хэлбэл үе үеийн намын дарга болон Ерөнхий нарийн бичгийн дарга нар шаварт унана. Хэн хэн МАН-ын дарга, генсекээр ажиллаж ирсэн бэ гэдэг нь даанч тодорхой байгаа. Шаварт унасан шарын эзэн хүчтэй гэдэг шиг Т.Бадамжунай энэ бүгдийг ганцаараа дааж гарахгүй гэж шийдсэн байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу