УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны тавдугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг тус салбарын хүний нөөц, сургалт, цалин хөлсний талаар мэдээлэл хийсэн юм.

Тодруулбал, Эрүүл мэндийн салбарын цалин хөлсний сан 2016 оноос өнөөдрийг хүртэл үндсэндээ хоёр дахин нэмэгдсэн. Засгийн газрын 107 дугаар тогтоолоор цалингийн доод жишгийг тогтоосон бөгөөд одоогийн байдлаар эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсний дундаж хэмжээ 1.5 сая төгрөг байна. Үүний дотор өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, ажилтнуудын цалингийн дундаж 2.3 сая төгрөг буюу салбартаа хамгийн өндөр байгаа аж. Харин сумдын эрүүл мэндийн төвүүдийн цалингийн дундаж 1.2-1.4 сая төгрөг байна. Иймд сумдын эрүүл мэндийн төвийн эмч нар, үйлчилгээний ажилчдын цалинг энэ оны долдугаар сараас 30 хүртэл хувиар нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа тухай дурджээ.

Түүнчлэн эрүүл мэндийн салбарт нийт 63340 хүн ажиллаж байгаагийн 81.9 хувь нь эмэгтэйчүүд, 24.7 хувь нь эмч байгаа талаар дурдаад, манай улсад эмч, сувилагчийн харьцаа 1:1 буюу нэг эмчид нэг сувилагч оногдож байна гэсэн юм. Энэ үзүүлэлт олон улсын жишигт 1:3 буюу нэг эмчид гурван сувилагч оногддог талаар тайлбарласан юм. Цаашдаа эмч, мэргэжилтэн бэлдэж буй их, дээд сургуулиудыг магадлан итгэмжилж, чанаржуулах шаардлагатайг онцлоод, зарим хувийн сургуульд ердөө нэг анги хичээллэж байгааг жишээлэн дурдажээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу