Дорнод аймгийн Чойбалсан суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ. 

Тодруулбал, Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн “Хавирга гоожуурын худаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км, сумын төвөөс зүүн зүгт 70 км/-т, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг тавдугаар сарын 01-ний өдрийн 11:56 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авчээ.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн 8, 9, 10 дугаар заставын алба хаагчид, Чойбалсан сумын мэргэжлийн ангийнхан орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж, өнгөрсөн шөнийн 03:40 цагт цурамд оруулж, 05:10 цагт бүрэн унтраасан байна.

Сануулахад, Уг түймэрт 5 байшин, 14 өрхийн 16 гэр, 28 малын хашаа, 6 пин, 3 автомашин өртсөн. Мөн түймрийг унтраах явцад Хил хамгаалах байгууллагын 8 алба хаагч түлэгдсэн юм. Тиймээс Шадар сайдын шийдвэрээр уг хээрийн түймрийн голомтод ажиллахаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяраар ахлуулсан ХХЕГ, ГССҮТ-ийн долоон хүний бүрэлдэхүүнтэй баг өчигдөр ниссэн билээ.

Эх сурвалж: ОБЕГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу