ГЕГ-аас цаг үеийн асуудлаар өнөөдөр (2023.05.03) мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр албан хаагчдын сахилгын хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр хийсэн дотоод хяналт шалгалтын ажил болон гомдол саналын талаар мэдээлэл өгсөн юм.

ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх аюулгүй байдлын хэлтсийн дарга Б.Сүхбаатар “Цахим шилжилттэй холбоотойгоор Замын-Үүд болон Улаанбаатар дахь гаалийн газрын ажил үүргийн хуваарьт томилгоог хүний оролцоогүйгээр хийх программ хангамжийг дөрөвдүгээр сарын 1-ээс нийслэлд, тавдугаар сарын 1-ээс Замын-Үүд дэх гаалийн газарт бүрэн нэвтрүүлээд байна. Ингэснээр нээлттэй ил тод болгож, Авлига ашиг сонирхлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэж үзэж байна.

Хяналт шалгалтын ажлын хүрээнд “Сэлэнгэ аймгийн гаалийн газрын улсын байцаагч О, Г, Н нар нь албан тушаалаа урвуулан ашиглаж, Алтанбулаг дахь чөлөөт бүсээс архи согтууруулах ундааг удаа дараа хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэлд хариуцлага тооцож албан тушаалын цалинг гурван сараар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан байна. Мөн харьяаллын дагуу АТГ-т шалгуулж байгаа бөгөөд хэрэг хянан шалгах явцад хүндрэл учруулахгүйн тулд ГЕГ-н тушаалаар албан тушаалаас түдгэлзүүлсэн” гэх мэдээллийг өглөө.

Мөн Замын-Үүд, Улаанбаатар дахь гаалийн газрын нэр бүхий 6 албан хаагчид ажлын цагаар албаны дүрэмт хувцастай архи согтууруулах ундаа хэрэглэсэн, хүндэтгэх шалтгаангүй ажил тасалсан, удаа дараа тасалсан зөрчил гаргасанд сахилгын шийтгэл оногдуулж цалингийн хэмжээг бууруулах, албан тушаал бууруулах, ажлаас халах шийтгэлийг тус тус оногдуулсан байна.

Гаалийн байгууллагад ирсэн өргөдөл гомдлын талаар Хяналтын нэгдсэн төвийн гаалийн улсын байцаагч н.Батболд:

“Он гарсаар 4 сарын 30 хүртэл 132 гомдол хүлээн авсан. Үүнд гаалийн байгууллагатай холбоотой санал хүсэлт 18, талархал 1, гомдол 113 бүртгэгдсэн байна. Үүнээс холбогдох чиглэлээр нь авч үзвэл албан хаагчийн ёс зүйтэй холбоотой 16, хяналт бүрдүүлэлттэй холбоотой 63 тус тус бүртгэгдсэн. Тайлант хугацаанд гаалийн зөрчилтэй хамааралтай гомдол мэдээлэл бүртгэгдээгүй. Мөн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой 16 гомдлыг нягтлан шалгахад 13 нь үндэслэлгүй, нотлох баримтаар тогтоогдоогүй байна” гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу