Засгийн газраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өнөөдөр /2023.05.03/ УИХ-ын даргад өргөн барилаа.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “УИХ-ын 2022 оны 54 дүгээр тогтоолоор Засгийн газарт оноосон үүргийн дагуу Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүллээ. Уг төсөлд Үндсэн хуулийн 21,1 дэх заалтад өөрчлөлт оруулах санал тусгасан. Саналдаа УИХ нэг танхимтай байна. УИХ-ын гишүүдийн 76 нь мажоритар, 76 нь пропорциональ аргаар сонгогдоно гэж өөрчлөхөөр Засгийн газраас өргөн мэдүүллээ.

УИХ, гүйцэтгэх засаглал болон шүүх засаглалын харилцааг зохицуулдаг учраас Үндсэн хууль нь Монгол Улсын хүн бүрийн аж амьдралд хамааралтай юм. 

Үе үеийн Засгийн газрууд хэт үрэлгэн, хөгжлийн бодлого чиглэлээ гол чиг шугам болгож чаддаггүй нь сонгуулийн дан ганц мажоритар тогтолцооноос хамааралтай явж ирсэн байдаг. Тэгвэл өнөөдөр өргөн барьж буй хуулийн төслөөр гишүүдийн 50 хувь нь пропорциональ, 50 хувь мажоритар хэлбэрээр сонгууль хийхээрээ онцлогтой.

Гишүүдийн тоог нэмэгдүүлэх сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлж байгаа нь Монгол Улсын парламентын сонгуулийн үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах том давуу талыг бий болгож байна. Улс орнууд иргэн бүрийн санал төрдөө ирдэг байх зарчмыг бий болгох үүднээс сонгуулийн тогтолцоог шинэ түвшинд гаргадаг. Манай улсын хувьд холимог сонгуулийн тогтолцоог хэрэглэдэг болох эхлэлийг тавьж буйгаараа онцлог юм.

УИХ-ын гишүүдийн тоо 76 байгааг хэт цөөн байна гэж иргэд болон судлаачид янз янзын өнцгөөр шүүмжилдэг. Нэгдүгээрт, бид ардчилсан улсын хувьд бүх талын төлөөллийг бүрэн хангасан сонгуулийн тогтолцоог бий болгох нь эрх баригчдын үндсэн үүрэг гэж ойлгодог. Тиймээс нийгмийн бүх бүлгийн төлөөлөл парламентад орох боломж олгож байна. Ингэснээр аливаа төрлийн хууль батлагдах үйл явж эрс сайжрах боломжтой юм.

Тиймээс Засгийн газраас иргэд, олон нийтийн санал болон дэлхийн улс орнуудын жишгийг судалж, ийм хуулийн төсөл өргөн барилаа.

Уг төслийг УИХ-ын түвшинд гурван удаа хэлэлцэнэ. Мөн иргэдтэй уулзаж, саналыг нь хүлээн авна. Цаашид Монгол Улсын парламент багадаа 5-6 намын оролцоотой бодлогын институт болж хөгжих нөхцөл боломжийг олгож байгаагаараа онцлог юм” гэлээ.

Шууд дамжуулалтыг ЭНД дарж үзнэ үү. 

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу