Засгийн газрын өнөөдрийн /2023.05.03/ хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Өнөөдрийн хуралдаанаар, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцжээ. 

Энэ талаар ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар “Өнөөдрийн хуралдаанд Эдийн засаг, хөгжлийн яамнаас гурван асуудлыг танилцуулсан.

  • Монгол Улсын валютын нөөцийн талаар мэдээлэл хүргэсэн. Энэ оны дөрөвдүгээр сарын 28-нд Монгол Улс “Гэрэгэ” бондын 396 сая ам.долларын төлбөрийг барагдуулсан. Үүний дараа валютын нөөц 3,7 тэрбум ам.доллар болж байна. Өөрөөр хэлбэл, валютын нөөц 4 тэрбум ам.долларт хүрсэн. Улмаар эл бондын төлбөрийг хийж, одоо 3,7 тэрбум ам.доллар үлдээд байна. Валютын зах зээл тогтворжсон.
  • Монгол Улс нүүрсээ биржээр арилжаалж байгаа. Биржээр арилжаалж буй нүүрсийг хилийн тусгай гарцаар гаргах шийдвэрийг гаргалаа. Ташрамд дурдахад, манай улсын нүүрсний экспортын хэмжээ 19 сая тоннд хүрсэн. Энэ нь цар тахлын өмнөх буюу 2019 оны мөн үетэй харьцуулахад 7,5 сая тонноор экспорт нэмэгдсэн байна.
  • Эдийн засаг, хөгжлийн яам гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг хариуцдаг. Үүнтэй холбогдуулан гадаадын хөрөнгө оруулалттай аливаа асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж, танилцуулдаг журамтай боллоо. Одоогийн байдлаар нийт 32 гадаадын хөрөнгө оруулагч гомдол гаргасан байна Үүнээс сэргээгдэх эрчим хүчтэй холбоотой  20 гомдлыг шийдвэрлэхээр Эрчим хүчний сайд Ажлын хэсэг гаргаж, гомдол гаргасан талуудыг оролцуулан ажиллаж байгаа гэх мэдээллийг өглөө. Үлдсэн гомдлууд хууль, хяналтын байгууллагуудаар шалгагдаж байна. Энэ 32 дээр нэмээд 12 гомдол ирсэн. Үүнээс тавыг нь Засгийн газрын хуралдаанаар оруулж, тогтоол гаргаж байна. Бусад нь тогтоол гаргахгүйгээр шийдвэрлэх боломжтой гомдлууд байсан” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу