УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2023.05.03/ хуралдаанаар үнийн өсөлтийн асуудлаар мэдээлэл сонслоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг дараах байр суурийг илэрхийлж, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунаас асуулт асууж, шаардлага тавилаа.

Тэрбээр “Монголчуудын хамгийн өргөн хэрэглэдэг хүнс бол мах, гурил. Гэтэл махны үнэ 15 хувь, гурилын үнэ 40 хувь, бусад бараа бүтээгдэхүүний үнэ сар бүр 1-2 хувиар өсөж байна. Гэтэл сүүлийн 1-2 жилд цалин огт нэмэгдээгүйгээс болоод өрхийн орлого буурч байна. 

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунд хандаж хэлэхэд, бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг бууруулах боломжгүй юм бол иргэдийнхээ худалдан авах чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй байна.

70 сая малтай Монгол Улсын ХХААХҮЯ махны үнийг тодорхой хэмжээнд зохицуулах тал дээр яг ямар арга хэмжээ авч байгаа вэ.

Шатахууны үнэ тогтвортой, долларын ханш буурчихсан, валютын нөөц нэг тэрбумаар нэмэгдчихсэн, нүүрсээ биржээр арилжаалаад ашигтай ажиллаж байна гээд байгаа. 

Гэтэл барааны үнэ өсөөд, иргэдийн амьдрал муудаад байна. Энэ улсын эдийн засгийн эерэг нөлөөллүүд иргэдийн амьдралд хэзээ нөлөөлөх вэ, хэзээ иргэдийн амьдрал дээшлэх вэ.

Одоо иргэд рүүгээ хандсан шуурхай арга хэмжээ авах хэрэгтэй байна” гэлээ. 

Үүний дараа ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун “Монгол Улсад бүх л бараа, бүтээгдэхүүний үнэ өсчихсөн байгаа. Олон улсын нөхцөл байдал, тээвэр логистиктой холбоотой. Мах, гурил хамгийн өргөн хэрэглэгддэг болохоор иргэдэд эмзэг тусаж байгаа нь ойлгомжтой. Жил бүрийн л хавар махны үнэ өсдөг.  

Махны үнийн өсөлтийн эсрэг, үнийг тогтворжуулах, буулгахын тулд авч хэрэгжүүлж байгаа нэг ажил нь нөөцийн мах бэлтгэж, хавар худалдаалах явдал. Энэ жил 12 аж ахуй нэгж, 8,000 тонн нөөцийн мах бэлтгэсэн. Улаанбаатарт 400 гаруй цэгээр борлуулж байгаа. Одоогийн байдлаар нөөцийн махныхаа 30 хувийг ч борлуулаагүй байна.

Гурилын тухайд манай газар тариаланчид чадан ядан ажиллаж байгаа. Улаанбуудайн үнийг зохиомлоор өсгөсөн асуудал байхгүй. 

Өнгөрсөн 2022 онд манай улс нийт улаанбуудайн хэрэгцээнийхээ 90 хувийг дотоодоосоо хангасан. Одоо үлдсэн 10 хувийг нь ОХУ-аас авах гэж байна. Намар ургац хураахын өмнө ОХУ-аас үнэтэй улаанбуудай авахаас өөр аргагүй. Тэр үед түр хугацаанд гурил будааны үнэ өсөхөд үгүйсгэх арга байхгүй. Бид дотооддоо гурилын хэрэгцээгээ хангаж байгаа тулдаа гурилын үнийг өдий хэмжээнд барьж байгаа юм” хэмээн хариуллаа. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу