Албан тушаал гэхээр эцэж цуцахаа мэдэхгүй таваргагсад манай нийгэмд тийм ч багаар хэмжигдэхгүй. Одоогоор Засгийн газрын зургаан яам Төрийн нарийн бичгийн дарга эзгүй байна. Эзнээ хүлээгээд Түр орлон гүйцэтгэгчтэй өдөр хоногийг өнгөрүүлж байгаа юм. ТНБД-ын шалгуурт тэнцэх хүмүүс нь тус албан тушаалыг огт сонирхохгүй байгаа гэнэ. Учир нь сүүлийн үед төрийн албан хаагч нарыг хоморголон хуулийн байгууллагаас шалгаж шар махтай нь хатаах болсон учир мөрөөрөө мэргэжилтнээ хийгээд байж байя хэмээн боловсон байдлаар татгалзах болж.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын суудалд санаархагчид нэг хоёроор тогтохгүй байгаа аж. Гэхдээ дур эзнээ голохгүй гэдэг шиг НЭМГ-ын даргаар ажиллаж байсан Б.Бямбадорж, тус яамны ТНБД-аар ажиллаж байсан Д.Очирбат, АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар нар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад горилон Төрийн ордон, Эрүүл мэндийн яамны босгыг элээх болсон байна. Төрийн ордноор гүйж Төрийн нарийн болно гэдэг сэтгэхүй одоо ч байсаар байгааг тэдний маахайгаа эргэтэл таваргаж яваагаас харж болно. Салбараа мэддэг, шуналгүй, мэргэшсэн төрийн албан хаагч байх ёстой атал танил тал, улс төрийн нам дамжигсад дээрээс крандуулах сонирхол тунчиг их байгаа. Д.Очирбатын хувьд Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаад 2016 онд А.Цогцэцэг сайдын үед Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлсэн байдаг. Гэсэн ч Засгийн газар солигдсоны дараа Эрүүл мэндийн сайдаар Д.Сарангэрэл томилогдон түүнийг чөлөөлсөн байдаг. Ингэхдээ түүнийг Улсын нэгдүгээр эмнэлгийн даргаар томилсон ч сэтгэл нь цадсангүй. Хоёр ч хүний амь насаа алдсан асуудалд хариуцлага тооцон түүнийг Нэгдүгээр эмнэлгийн даргаас чөлөөлөх тушаалд салбарын сайд нь гарын үсэг зурснаар ажлаа өгсөн юм. Д.Очирбатын хувьд Д.Сарангэрэлийг сайд байх үед хоёр удаа ийнхүү чөлөөлөгдөж байсан түүхтэй. Ажилгүй болсон ч Д.Очирбат ТНБД-аас үндэслэлгүй чөлөөлсөн хэмээн гандан буурахгүй таван жил шүүхдэв. Энэ хугацаанд Төрийн нарийн болох бодлоо огтхон ч орхиогүй байгаа юм. Дур эзнээ голохгүй дунд чөмөг сүүжээ голохгүй гэдэг шиг л танил талаараа дээш доош хэлүүлэн, үүд үүд сахин аргаа л барж яваа аж.

Харин Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байгаад саяхан ажлаа өгсөн Б.Бямбадорж даварсаар бүр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болохоор өргөдөл бичиг цаас барин дээгүүр гүйх болов. Төрийн албаны зөвлөлөөс НЭМГ-т шалгалт хийж Б.Бямбадоржид холбогдох олон зөрчил илрүүлэн үүрэгт ажлаас нь чөлөөлөх хэрэгтэй хэмээн Хотын удирдлагуудад танилцуулга хийж байлаа. Тэрбээр 2019 оны нэгдүгээр сард тус Эрүүл мэндийн яамны ТНБД-ын үүрэгт ажилд томилогдсон ч аравдугаар сард нь чөлөөлөгдсөн байдаг. Эрхэлсэн ажил нь урагштай байсан бол чөлөөлөгдөх тушаалаа гардахгүй л байсан. Чөлөөлөгдсөнөөсөө хойш нэг жил гаруйн дараа буюу 2021 онд Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга болж хатгаад байдаг албан тушаалдаа суусан. Хувьдаа ШИНОНМЕД гэх эмнэлэгтэй тэрбээр АТГ-ын хаагуур нь шургаад томилогдсон бэ гэх хардлага одоо ч бий. Ковид цар тахлын үед хувийн эмнэлгээрээ ковид туссан иргэдийг эмчлэх нэрээр улсын төсвөөс ихээхэн хэмжээний мөнгө авсан талаар хэвлэлүүдэд баримтуудад нь гарч байв. Түүгээр ч зогсохгүй Эрүүл мэндийн төвүүдийн дарга нарыг ээлж дараалан халж, солин, эмнэлэг, эмийн сангийн тусгай зөвшөөрлүүдийг гар хүндрүүлэн олгох болсон талаар гомдол үргэлжилдэг. Түүнтэй холбоотой хууль бус зүйлсийг илчилсэн баримтууд маш олон байдаг. Цагтаа Нэгдүгээр эмнэлгийн дарга, Эрүүл мэндийн яамны ТНБД-аар ажиллаж байсан ч өнөөдөр мөн л тус албан тушаалд очихоор өргөдөл бариад гүйнэ гэдэг түүний ямар эрээ цээргүй болохыг харуулж байгаа гэхээс өөр арга алга. Эрүүл мэндийн маш хариуцлагатай салбарт энэ мэтчилэн хариуцлагагүйн зуданд нэрвэгдсэн хүмүүс сэтгэл шулуудан зүтгэж байгааг “5 Ш” ажиллагааг хэрэгжүүлж буй Засгийн газар анхаарч л байгаа байх.

Төрийн нарийн бичгийн даргад санаатай байгаа дараагийн хүн нь одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дотны найз гэгдэх нуусан мөнгө, нууц хүүхэд нь ил болж байсан Н.Хүрэлбаатар юм. Тэгвэл цагтаа Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа авлига авсан, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт холбогдон Улсын мөрдөн байцаах газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж явсан Нямдаваагийн Хүрэлбаатар ямар нүүрээр уг албан тушаалыг сонирхож байгаа юм бол.

Сү.Батболдын Засгийн газарт Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Н.Хүрэлбаатар нь 2013 онд интерполоор эрэн сурвалжлуулж байсан удаатай. 2011 оны тавдугаар сард Н.Хүрэлбаатарын “нууц” хүү болох Х.Энхбат найз охины хамт “Рапид харш” хотхоны 5А байрны … дугаар тоотот амьдарч байхдаа гэрээсээ их хэмжээний мөнгөтэй сейф хулгайд алдсан байдаг. Тухайн үед сейфэнд 2 сая 145 мянган юань буюу одоогийн ханшаар 1 тэрбум гаруй төгрөг, 6000 ам.доллар буюу одоогийн ханшаар 20 гаруй сая төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад валют хадгалж байсан нь мөрдөн шалгах явцад ил болсон.

Тухайн үед экс сайд Н.Хүрэлбаатарын хүү Х.Энхбат “Миний аав болох Н.Хүрэлбаатар надад энэ сейфтэй мөнгийг хадгалуулсан. Энэ байрыг ч мөн аав маань 2011 оны хоёрдугаар сард худалдан авч өгөөд хананд нь сейф суурилуулсан” гэсэн мэдүүлэг өгснөөр аав, хүү хоёрын нууц ил болж, тухайн үедээ л хэвлэлийн хуудсуудын нүүрийг дүүргэж байсан юм. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүний хүүхэд их хэмжээний бэлэн валют гэртээ хадгалж байгаад хулгайд алдсан нь хуулийн байгууллагынханы анхаарлыг татсан байдаг. Тэрбээр дээрх мөнгөө “Манай баз Батаагийнх”, дараа нь “Энэ мөнгөөр буяны сүм барих гэж байсан”, сүүлдээ “Ядууст зориулсан эмнэлэг барих гэсэн юм” хэмээн хэлсэн байдаг. Эцэст нь “Хүний юм. Намайг шударга хүн болохоор нь хадгалуулсан юм” гэж хэлж гэдэг. “Тэр “нууц” хүүтэй, “нууц” хүү нь байртай, байрныхаа хананд сейфтэй, сейфэндээ их хэмжээний мөнгөтэй, тэр мөнгө нь экс сайдынх байсан” гэх явган яриа гарч байлаа. Тэр их хэмжээний валют ямар замаар хэрхэн Н.Хүрэлбаатартай холбогдсон, ямар шугамаар олж авсан нь анхаарал татдаг.

2013 оны 6 дугаар сард Цагдаагийн Ерөнхий газраас эрэн сурвалжилж байгаа талаар мэдээлэл хийж, түүнийг Чингис хаан олон улсын нисэх буудалд газардахад нь ШШГЕГ-ын 461 дүгээр хорих ангид сүр дуулиантай саатуулж байсан. УМБГ-аас хэргийг харьяаллын дагуу АТГ-т шилжүүлснээс хойш түүний хэрэг замхарсан байдаг. Ийм л гурван нөхөр урд хойноо орчихсон Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болохоор маахайгаа эргэтэл манаргаж явааг дуулгая. Монгол төр арай ч энэ хэмжээнд хүртлээ доройтчихоогүй, эрх баригч МАН ийм хүмүүсээр боловсон хүчний нөөцөө бүрдүүлэхгүй байх гэж харж байна.

Э.БОЛД

3 САНАЛ

  1. Ёоёо Бямбадорж л биш шүү. ЭМЯ энэ хүнийг томилогдвол бослого гаргах байх шүү

  2. Хүрэлбаатар гэж хэнийг анагаах ухааны их сургуулийн захирлаас болиулаад ээ их мөнгөнд холбогдсон хүн

  3. Цаддагүй ээ эрүүл мэндийн салбарыг улны болгож байгаа нөхдүүд

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу