Төрийн өмчит үйлдвэрийн захирлуудаас хамгийн барцадтай яваа нь “Цемент шохой” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Лүндэгийн Наранбаатар болов. Нисдэггүй бор морийг нь идээд ир гэтэл нисдэг бор морийг нь идээд ирдэг үлгэр шиг томилогдсон цагаасаа хойш олны амны бай болж байна. Үйлдвэр нь таг зогсож улсаар нь цементийн хомсдолд оруулж, “Шонхор” шувуу үйлдвэрт маань ирлээ хэмээн явсаар ямар ч байсан нэг жилийг тойрчихсон. Гэсэн ч энэ үйлдвэрийг босгоод ир гээд явуултал бүр тартагт нь тулгасан талаар үйлдвэрийнх нь ажилчид хэлэх болсон юм. Ажилчид нь ийм захиралтай хамтран ажиллах боломжгүй хэмээн ТӨБЗГ-т хүртэл өргөх бичиг барьж, ажлынхаа нэр бүхий хүмүүст бэлгийн чиг хандлагын дарамт учруулсан хэмээх гомдолын эзэн болж ер нь л тун адармаатай замыг туулж яваа хүн.

Эдийн засагчаар үйлдвэр босгуулна гэдэг нэг талаасаа харанхуй итгэл өгч явуулсан хэрэг л дээ. Хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан гэдэг үг “Цемент шохой” үйлдвэр дээр илүүтэй харагддаг. Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж Гүйцэтгэх захирал Л.Наранбаатарыг албан тушаалаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэжээ. Төрийн өмчит компаниудын ТУЗ нь энэ цаг үед хуралдаж 2022 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэж байгаа. Энэ хүрээнд ТУЗ нь шийдвэрээ гаргаж Л.Наранбаатарыг чөлөөлөхөөр санал нэгдсэн нь энэ юм. Уг компанийн ТУЗ-д Ц.Баяр-Эрдэнэ, З.Энхболд, Б.Доржсэмбэд, Б.Отгонцэцэг, Д.Гантулга, Г.Туул, Д.Санчир, Б.Буянхишиг, Л.Ганбаатар нарын есөн гишүүн багтдаг. ТУЗ-ийн хуралдааны шийдвэрээ ТӨБЗГ-т хүргүүлсэн гэнэ. ТӨБЗГ-аас Гүйцэтгэх захирал Л.Наранбаатарыг дуудсан боловч очоогүй юм байна.

Э.ЭНХ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу