Орон нутгийн сэтгүүлчдийн “Орон нутгийн хэвлэл мэдээллийн чин хандлага, тулгамдсан асуудлууд” сэдэвт тавдугаар форум өнөөдөр (2023.05.04) Өндөрхаан хотод болж байна. Уг форумыг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр, Хэнтий аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд “100 жил 100 сэтгүүлч” уриан дор зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. Энэ удаагийн форумыг МСНЭ, МСНЭ-ийн Хэнтий аймаг дахь салбар зөвлөл, Хэнтий аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулж байна. Форум тавдугаар сарын 5, 6-ны өдрүүдэд үргэлжилэх юм.

Монгол Улсын хэмжээнд 500 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагад 4000 орчим хүн ажилладаг. Эдгээрийн 200 орчим нь орон нутагт ажиллаж, амьдарч байгаа талаар МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар форумыг нээж хэлсэн үгэндээ дурджээ.Форумд 19 байгууллагын 80 орчим сэтгүүлч, мэргэжилтнүүд, мөн МСНЭ-ийн удирдлагууд оролцож байна. Оролцогчид орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа, өнөөгийн бодит байдал, ололт амжилтаа ярихын зэрэгцээ тулгамдаж буй гол асуудал, бэрхшээлийг хэлэлцэн, санал солилцож, цаашид юун дээр анхаарах, шийдвэрлэх арга замыг тодорхойлох нь уг үйл ажиллагааны зорилго аж.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу