УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн (2023.05.03) хуралдаанаар үнийн өсөлтийн асуудлаар мэдээлэл сонслоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Өнөрболор дараах байр суурийг илэрхийлж, холбогдох яам, агентлагуудаас асуулт асуулаа. 

Тэрбээр “Инфляцын түвшин буурсан талаар мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос гаргасан. Гэтэл бодит байдал дээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ долоо, долоо хоногоор өсөж байгаа. Инфляцын түвшин буурч байгаа нөлөөлөл иргэдэд мэдрэгдэхгүй байна. 

Дараагийн асуудал нь, статистикийн мэдээлэлд манай улсад 2,3 сая ажиллах хүчин бий гэжээ. Одоогийн байдлаар үүний 54 орчим хувь нь хөдөлмөр эрхэлж байгаа. Тэдний дундаж цалин 1,7 сая төгрөг гэсэн үзүүлэлт гарсан байна. Энэ цалингийн дунджийг ямар аргаар тооцдог вэ. Хөдөлмөр эрхэлж байгаа 54 хувь дээрээ л түшиглээд цалингийн тооцооллыг гаргадаг бол ийм өндөр тоо гарах нь ойлгомжтой.

Бодитой тоо гаргахгүй бол та бүхний гаргаж байгаа энэ судалгаа, статистик дээр үндэслээд, төр, засаг шийдвэр гаргаад байгаа гэдгийг санаарай” гэлээ. 

Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа “Үнийн өсөлтийн хурдац хэвээрээ байгаа. Сүүлийн сар хагасын хугацаанд гэхэд махны үнэ 15 хувиар өссөн. Бүх бараа бүтээгдэхүүний үнэ сар бүр 1 хувиар өсөж байна. 

Цалингийн тухайд 2014 онд батлагдсан аргачлалаар тооцдог. Дундаж цалин гэдэгт 1,7 сая, 1,2 сая төгрөг гэсэн хоёр үзүүлэлт бий” гэв. 

Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Өнөрболор хурал, хэлэлцүүлгээ үр дүнтэй хийж, тодорхой шийдэл гаргах хэрэгтэй байгааг анхаарууллаа. 

Видео хэлбэрээр ЭНД дарж үзнэ үү. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу