УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.05.04/ нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж буй.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг боловсролын ялгаатай байдлын талаар хөндөж, дараах асуултыг тавилаа.

Тэрбээр “Сайн багш бэлтгэсэн сургуулиуд үнэхээр өөр байдаг. Жишээ нь, би Чингэлтэй дүүргийнхээ ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийн сурагчдын дунд уралдаан, олимпиадууд байнга зохион байгуулдаг юм. Эндээс харахад хотын төвийн сургуулийн хүүхдүүд математик, англи хэлний олимпиадад маш амжилттай оролцдог. Гэтэл хотын захын сургуулийн хүүхдүүд их өрөвдөлтэй байдаг. Ийм ялгаатай байгаагийн шалтгаан нь багшийн асуудал байгаа юм.  Хотын захын сургуулиудад очиж ажиллах багш дутмаг байна. 

Энэ мэт байдлаас болоод хүүхдүүд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байгаа нь үнэхээр харамсалтай. Тиймээс одоо хэлэлцэж байгаа Боловсролын багц хуулиар боловсролын ялгаатай байдлыг арилгах ёстой. Боловсролын ялгаатай байдлыг арилгахад чиглэсэн заалт хуульд тусгасан уу.

Мөн англи хэлийг үндсэн гадаад хэл болгож хуульд тусгасныг дэмжиж байна. Гэхдээ нэгдүгээр ангиас нь эхэлж заах нь эрсдэлтэй. Хүүхэд нэгдүгээр ангид тоо, үсэг үзэж эхлээд ачаалал өндөр байдаг. Гэтэл үүн дээр нь нэмээд ачаалал үүрүүлэх нь оновчтой гэж бодохгүй байна” гэлээ. 

Үүнд УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Боловсролын салбарыг сайжруулахын тулд багш нарыг хөгжүүлэх ёстой. Тийм учраас багшийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх хэд хэдэн заалт тусгасан. Тухайлбал, багш нарыг орон байраар дэмжих, боловсролын салбарт 15-аас дээш жил ажилласан хүн бүрийн нэг хүүхдийг улсын тэргүүлэх их, дээд сургуульд үнэгүй сургах гэх мэт. 

Цалин, урамшууллыг нэмэхийг нь салбарын хуулиар зохицуулах боломжгүй” хэмээн хариуллаа.  

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу