УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. /2023.05.04/ Хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.ӨнөрболорУлс төрийн эрх мэдэлтнүүдийн хамаарал бүхий хүмүүс төрийн хамгийн чухал албан тушаалд мөчирлөн томилогдсон ургийн модны төгс төгөлдөр загварыг бид харсаар, нийгэм жигшсээр удлаа.  Үүнийг халахын тулд эл хуулийг оруулж ирсэн гэж ойлгож байгаа. Тиймээс дэмжиж байна. 

Харин байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед нь хүний эрхийн асуудлыг хөндөх эсэхийг анхаарах ёстой. Үндсэн хууль, хүний эрхийн түгээмэл тунхаглалаар баталгаажуулсан хүний ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох эрх зөрчигдөх вий. Цаашлаад шийдэгддэггүй маргаан, хэрэгждэггүй хууль болох вий гэдэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй. 

Чуулганы завсарлагааны үеэр би Сэлэнгэ аймагт буй ард иргэдтэйгээ уулзсан юм. Тухайн үед иргэдээс хэд хэдэн нийтлэг асуудал тавьж байсан. Үүнээс хамгийн чухал нь гэвэл, төрийн өндөр албан тушаалтнуудын ёс зүй, сахилга хариуцлагатай байхыг иргэд хатуу шаардсан.

Ёс зүй гэдэг бол хувь хүний, улс төрчийн өөртөө бий болгох сонгодог засаглал гэж би ойлгодог. 

Мэдээлэлд ойр байгаагаас болоод төрийн эрх мэдэлтнүүд өөрсдөө шударга бус томилгоонуудыг хийж ирсэн. Өнгөрсөн хугацаанд мэдээлэлд ойр, нөлөө бүхий албан тушаалтан боломжийг илүү их хүртэж ирсэн гэдэг нь Хөгжлийн банкны нээлттэй сонсголын үеэр маш тодорхой харагдлаа. Хөгжлийн банк, ЖДҮ, нүүрс гэх мэт ард түмний өмч баялгийн өнгөтэй өөдтэй бүхнийг цөлмөсөн энэ бүх асуудлуудтай улс төрд нөлөө бүхий этгээдүүд холбогдож, ёс зүйгээс хальж, энэ нь өөрөө гэмт хэргийн бүлэг дээрмийн шинжтэй болж иржээ. Энэ бүхнээс болж улс орны хөгжил ухарч байна. Олон нийт төрд итгэх итгэлгүй болж байна. Өөрсдөө шударга бусыг хийчхээд ард түмнээс шударга ёс, тэгш эрхийг нэхэх нь ямар ч боломжгүй юм” гэлээ. 

Видеог ЭНД дарж үзнэ үү. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу