Үнэхээр л эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаараа Үндсэн хуулийн цэцэд нөлөөлдөггүй л юм бол Цэцийн босгонд очоод бүдрэх хуулийн төслийнхөө талаар өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы танхимд мэдээлэл хийлээ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөө Засгийн тэргүүн танилцуулсан нь олны анхаарлыг татлаа. Нэг талаасаа шударга ёсны туг хатгах гэж хүнд бэрхийг туулж яваа гэж өөрийгөө магтуулах Ерөнхий сайдын зүгээс Үндсэн хуулийн ялгаварлан гадуурхахаас эхлээд хэд хэдэн зүйл заалтын өмнө сөхөрч мэдэх хуулийн төсөл гэдгийг хуульчид хэлж байна. Тиймээс хуулийн төслөө дэмжүүлнэ гэдэг тийм ч амар биш. Гэхдээ “Би шударга ёс тогтоох гэж байна. Дэмжихгүй бол та нарт улс төрийн хариуцлага тооцно” гэдэг ч юм уу нэг тийм хуучны арга барилаар бүлгийн гишүүдээ зандарч, базах тал руугаа түүний үйлдэл явна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулиар олгогдсон эрх мэдлээ давуулан УИХ-ын үйл ажиллагаанд хөндлөнгөөс шууд оролцох хууль тогтоох эрх мэдэлд халдах болсон. Шударга ёсны төлөөх энэ ажлыг дэмжихгүй бол ард түмний дэмжлэгийг авна. Нэрийг чинь зарлана гээд шантаажны маягийн улс төрийн замын сонгосон гэдгийг бүгд мэдэж байгаа. Энэ гэхдээ ардаа шударга ёсны төлөө гэх ганцхан тайлбартай. Үнэхээр шударга ёсны төлөө бол хүн бүр дэмжиж таарна. Гэхдээ шударга ёс тогтоох гэж байгаа нь энэ гээд Үндсэн хуульдаа халдаж болохгүй. Ялангуяа ардчилал, хүний эрхийн индекс жил бүр улруугаа яваа энэ үед Ерөнхий сайд нь хүний эрх зөрчиж шударга болцгооё гээд байгаа нь зөв зүйл мөн үү.

Өөрөө бол ёс зүйн хүрээнд шийдэж болох ч тэгэхгүй байна, тиймээс аргаа барлаа гээд байгаа юм. Үнэхээр л ёс бус тийм нөхөд байгаа бол хуулийн хариуцлагыг нь тооц. Түүнээс биш бүх хүнийг санасанаараа байлгах хуулийн төслөөр ардчилал, хүний эрх, эрх чөлөө рүү хамгийн ноцтой нь Үндсэн хууль руугаа нулимаад шударга ёс тогтох юм уу.

МАН-ынхан дарга нарынхаа өмнө “гөлөг” болдог. Тиймээс өнгөн дээрээ шүүмжилэх Их хурлын гишүүн гарахгүй. Наашаа харж намын дарга руугаа инээмсэглэх ч цаашаа эргээд халаасандаа салаавч хийгээд явж байгаа нь гарцаагүй.

Ерөнхий сайдын энэхүү хууль батлагдсанаар улс төр, бизнесийн хэт хамаарал зааглагдаж, төр нь төр шиг, бизнес нь бизнес шиг байх ёс зүйн заагийн эхлэл цэг болно гэж тодорхойлж, гишүүн, сайд, дарга болохоосоо өмнө бизнесээсээ татгалзаж чадах уу гэдгээ бодох хэрэгтэй. Төр тусдаа, бизнес тусдаа байх ёстой гэдгийг хэллээ. Хуулийн төсөлд тусгагдсанаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга болон түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд, хамаарал бүхий этгээдүүд нь төрөөс болон төрийн өмчит компани, төртэй хамтран хэрэгжүүлж буй олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрөөс санхүүжих бүх төрлийн худалдан авалтад оролцох, аливаа хөнгөлөлттэй зээл тусламж, тэтгэлэг, батлан даалтад хамрагдахыг тус албан тушаалыг эрхэлж буй хугацаанд нь хориглохоор тусгасан байна. Мөн Улсын Их Хуралд суудал бүхий намын дарга нар, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын Ерөнхий прокурор болон Төрийн албаны зөвлөл, Монголбанк, Сонгуулийн ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар зэрэг Улсын Их Хурал болон Засгийн газарт ажлаа тайлагнадаг байгууллагын дарга, орлогч нар, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд мөн адил хамаарах болно. Ингээд оруулаад ирэхээр мөнгөтэй болохын тулд сар руу түрийвчээрээ далладаг иргэд дэмжихгүй яах юм.

Тэглээ гээд шударга ёс гэх үгээр халхавчилж Үндсэн хууль зөрчсөн хууль баталж болохгүй. Ерөнхий сайдаас хуулийн төсөлд тусгасан албан тушаалтнуудү өөрсдөө л ёс зүйтэй бай. Хэлээд байхад хулгай хийгээд байвал шорон руу л явцгаа. Ардчилал, хүний эрхийн индексээрээ уруудаж яваа улсын иргэд гэдгээ ойлгож албан тушаалтнууд өөрсдөө хариуцлагатай байх цаг болсон. Энэ хүмүүс өөрсдөө л хулгай хийж, зээл авч болохгүй бүхэнд орооцолддог. Ийм байхаа л больчихвол Ерөнхий сайд Үндсэн хуулиа уландаа гишгэж ийм хуулийн төсөл оруулах гэж чичрэхгүй л байсан байлгүй дээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу