УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2023.05.05/ хуралдаж, ҮХНӨ-ийн төслийг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Ард түмэн өөрсдөө л сонголтоо хийх хэрэгтэй. Олон нам байх ёстой гэж үзвэл өөрсдөө сонголтоо хийчихнэ. Монгол ардын намд 62, 65 гэж суудал өгсөн нь ард түмний л сонголт байсан. Түүнээс биш хүчээр ийм сонгуулчихсан мэт онолоор тайлбарлаж болохгүй. 

УИХ-ыг 152 гишүүнтэй болговол олон намын төлөөлөлтэй болоод улс орон сайхан болчих юм шиг, УИХ-ын гишүүдийн ачаалал нь тэнцвэржээд авлига хээл хахуулиас хол байх юм шиг  яриад байна. Тийм зүйл байхгүй. Харин иргэдийг төлөөлөөд, түмнийхээ төлөө төрийн үйл ажиллагааг явуулж чаддаг хүнийг сонгох нь тооноос илүү чухал. 

Гишүүдийн тоог 152 биш, 120 дотор багтаах хэрэгтэй гэж бодож байна. Хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээтэй уялдуулаад ингэж нэмэх нь зөв.

Одоогийн парламентад яг түмнээ төлөөлж байгаа гишүүд бий. Үүний хажуугаар өөрийн бүлэглэлээ, компаниа төлөөлсөн хүмүүс ч байна. Энэ хүмүүс л улсын хөгжлийг хойш татаад байгаа юм. УИХ-ын гишүүд, сайд, дарга нар, тэдний хамаарал бүхий этгээдүүд тендер, хөнгөлөлттэй зээл, тусламж, батлан даалтад хамрагдахыг хориглох хууль хүртэл гаргахад хүргэж байна. 

Тэгэхээр тухайн гишүүн иргэдийг төлөөлж чадаж байгаа эсэх сонголтын л асуудал. 

Гишүүдийн тоог нэмлээ гэхэд дараагийн сонгуулиар дахиад хуульд өөрчлөлт оруулаад, “энэ ёстой замбараагүй болчихлоо. Гишүүдийн тоог хасахгүй бол болохгүй юм байна” гээд сууж байх магадлал өндөр байна. Сонгуулийн тухай хуулийг сонгууль болгоны өмнө өөрчлөөд байж болохгүй. Тийм учраас энэ удаад алсыг харсан, хүн амаа бодсон, тогтвортой хууль гаргахын тулд нухацтай хандах ёстой” гэлээ. 

2 САНАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу