УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн /2023.05.05/ хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар анхны хэлэлцүүлгийг хийлээ.  

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Өнөрболор “Монгол Улсын төрийн тогтолцоо согог хэвээрээ үлдэх эсэх асуудлыг нэг тийш нь шийдвэрлэх чухал үүрэг манай энэ удаагийн парламентад ногдож байна. 

Засгийн газраас өргөн барьсан ҮХНӨ-ийн төслийг харахад энэ нь сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоотой холбоотой асуудал мэт боловч агуулгын хувьд томоохон өөрчлөлт хийхээр харагдлаа. 

Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойших 30 жилийн хугацаанд Монгол Улс тодорхой хэмжээгээр хөгжсөн. Гэхдээ энэ хугацаанд нийгэм, эдийн засгийн бодлогын асуудал орхигдсон. Зах зээлийн нийгэмд шилжээд бид сайхан нийгмийг байгуулна гээд ард түмэнд амлаж, тэр үед иргэд ч бидэнд итгэж, дэмжиж байсан. Гэтэл өнөөдөр иргэдийн төрд итгэх итгэл буурч, бухимдал дээд цэгтээ хүрлээ. 

Гишүүдийн тооны тухайд, улсын хүн амтай уялдуулж нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн юм байна. УИХ 152 гишүүнтэй болсноор гарах сөрөг үр дагавар, эрсдэлийн судалгаа хийсэн үү. 

Хүн амын тухайд манайх харьцангуй залуу улс. Цаашид хүн ам өснө. Тэгэхээр УИХ-ын гишүүдийн тоог Үндсэн хуульд хатуу заах нь хэр зохимжтой гэж үзэж байгаа вэ.

Бусад орны жишгийг харахад Үндсэн хуулиа тогтвортой байлгах талаасаа парламентын гишүүдийнхээ тооны доод хэмжээг л тусгасан байдаг юм билээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн доод хэмжээ заагаад, мажоритар системээр сонгогдох гишүүдийн тоог хүн амын тоотой уялдуулан тогтоодог юм байна. Ийм уян хатан зохицуулалтыг та бүгд судалж үзсэн үү” хэмээн асуулаа. 

Үүнд Ерөнхий сайд Л.Оюун-ЭрдэнэИргэд маань миний амьдралын чанарт өөрчлөлт гаргаасай л гэж санал өгч, гишүүдийг сонгож байгаа. Бид энэ танхимд маргалдаад байх нь иргэдэд нэг их чухал асуудал биш. Тэгэхээр иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх хэмжээний том асуудлуудыг шийдэх гарц, шийдэл гаргах хэрэгтэй Үүнд одоо хийх тогтолцооны өөрчлөлт маш том дэвшлийг авч ирнэ. 

Хэрвээ хаврын чуулганаар Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуульд  өөрчлөлт оруулж чадвал бидний дараагийн хэлэлцэх асуудал нь төрийн албаны реформ байх юм. Төрийн данхар бүтцийг өөрчилж, өндөр цалинтай, чанартай ажиллах хүчнээр бүрдүүлэхэд анхаарна. Одоогоор манай улс цалингийн 100 гаруй өөр шатлалтай байгаа. Төрөөс цалин авдаг алба хаагч бүрийг нэг шатлалаар цалин авдаг болгоно. Ингэснээр төрийн бүтээмж эрс сайжрах, улс төрийн албан тушаалтнууд, төрийн захиргааны албан тушаалтнууд зааг ялгаатай байх зэрэг асуудлуудад том реформ хийнэ. Дараа нь нийгмийн даатгал, баялгийн хүртээмжийн реформ хийх төлөвлөгөөтэй байгаа” гэлээ. 

Видеог ЭНД дарж үзнэ үү. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу