Хэнтийн нохой байсан ч дарга болж байна гэдэг үгийг бишгүйдээ л сонссон байх. Нам дагавал ам тосдож болдогийн хамгийн тод жишээ ХХААХҮ-ийн Дэд сайд М.Ганхүлэг юм. Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн Гүйцэтгэх захирлаас Дэд сайдаар томилогдоно гэдэг Ерөнхий сайд ахтай л нутгийн дүүгийн хүрэх зам. МАН-ын оюутны холбооны тэргүүн гэхчилэн нам дагаж явснаас төрийн албанд мэргэжилтэн ч хийж байгаагүй. Муухайгаар хэлбэл цүнхчин гэхэд болно.

Өнгөрөгч долоо хоногийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан Хэнтий нутгийн Дэд сайд М.Ганхүлэгийн нүүрний арьсыг хуулаад өгчихөв. Товчхондоо, УИХ-ын гишүүд М.Ганхүлэгийг хариуцсан ажлаа мэддэггүй сайхан зангиа зүүсэн дарга хэмээн бухимдав. Байнгын хорооны хуралдаанаар Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонссон. Харамсалтай нь ХХААХҮ-ийн яамныхан үнийн өсөлтийн талаар барих бодлого, зохицуулалтгүй байгаа нь гишүүдийн бухимдлыг төрүүлэв.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Гурил, махны үнэ хагас жилийн өмнө хэдэн төгрөг байсан юм. Өнөөдөр хэд болов. Үнийн өсөлтийн шалтгаан нь юу юм бэ. Цаашид ямар арга хэмжээ авах гэж байна вэ. Цаашид үнэ өсөх үү, үгүй юу. Өснө гэж байгаа бол нийтэд “Бид үнийн өсөлтийг барьж чадахгүй” гэж зарла. Барьж чадна гэж байгаа бол ямар арга хэмжээ авах тухайгаа нээлттэй танилцуул” гэсэн юм. Дэд сайд М.Ганхүлэг “Махны үнэ нэмэгдсэн нь хэд хэдэн шалтгаантай. Өнгөрөгч жил цас ихтэй, өвөлжилтийн бэлтгэл муу зэргээс хүндхэн өвлийг давсан. Тиймээс төл алдалт өндөр байлаа. Цаашид нөөцийн махыг нэмэгдүүлнэ. Ченжүүдийн далд эдийн засгийг илрүүлэх чиглэлд хамтарч ажиллана” хэмээн тархины хэмжээгээ харуулж гишүүдийн уурыг хүргээд авсан.

Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг “Тодорхой хариулахгүй тойроод “буудаад” байх юм. Энэ хаврын төл гарахаар мах бэлтгэх гэж байсан юм уу, яах гэж байсан юм. Махны үнэд энэ хаврын төл ямар нөлөө үзүүлэх байсан юм. Та нар ингэж оношилж байгаа бол асуудлыг шийдэж чадахгүй юм байна” хэмээн М.Ганхүлэгийг зэмлэв. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Сайдыг нь дуудаж ярихгүй бол шал дэмий цаг үрсэн юм болж байна. Ажлаа мэдэж байгаа ч хүн алга. Мэдэхгүй байгааг нь мэдээд байна. Ажлыг ингэж хийдэггүй юм. УИХ-аас энэ чиглэлд тодорхой бодлого гаргаж байгаа. Засгийн газарт үүрэг өгч байгаа шүү дээ. Бид мянга хашхираад яах юм. Эцсийн гүйцэтгэгч нь та нар. Гэтэл та нараас бодлого гарахгүй, ерөнхий мэдээлэл өгсөн сайхан зангиа зүүсэн дарга нар яваад ямар хэрэг байгаа юм. Бодлогоо танилцуул” хэмээн бухимдаж Х.Болорчулуун сайдыг байнгын хорооны хуралд суух хэрэгтэй гэсэн юм. Дэд сайд М.Ганхүлэг ажлаа мэддэггүй хэмээн шүүмжлүүлж, нүүр хийх газаргүй болов. Гэхдээ гэмшсэн, гишүүдийн үгийг тоож байгаа ч шинж түүнд байсангүй.

Монголын төр залуусаар хүч сэлбэх хэрэгтэй. Үүнтэй маргах хүн байхгүй. Гэхдээ ажлаа мэддэггүй цүнхчид олноор орж ирбэл цаашид яам, агентлагаар дүүрэн Ганхүлэгүүд дүүрэх нь. Мэргэжилтнээс эхлээд мерит зарчмаар яваа залуусаа дэмжих цаг болсон. Шударга ёс, мерит зарчим, ажилдаа тэнцэхгүй хүмүүсийг шүүрдэх “Шүүр” ажиллагааг Засгийн газар ярих болсон. Тиймээс ажилдаа тэнцэхгүй ад шоо болж байгаа М.Ганхүлэг мэтийг нутгийн зөвлөлийнх нь Гүйцэтгэх захирлынх нь ажлыг хийлгэ. Эс бөгөөс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийнхээ нэр нүүрийг шарж дуусах нь. “Шүүр” ажиллагаа Дэд сайд М.Ганхүлэг мэтээсээ эхлэмээр юм.

Төрийн сайдын ажлыг энэ жилийн алдсан төл хаврын махны үнэнд нөлөөлдөггүй гэдгийг мэддэг хүн ядаж хиймээр байна. Монгол төрийн босго Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байхад шаландаа хүртэл унаж мэдэх нь ээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу