Нүүрсний мафийн гол төлөөлөгч гэгдэж буй Эрдэнэс Таван толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг өнгөрөгч баасан гарагт өмгөөлөгчдийнх нь тавьсан саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн батлан даалтад гаргаж сулласан байна. “Эрдэнэс Таван толгой” ХХК-ийн захирал асан Б.Ганхуяаг нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн эгч Б.Нарантуяа болон найз нөхдийн хамаарал бүхий харилцаатай иргэн С.Энхтүвшин, С.Энхтөр, Д нарт давуу байдал бий болгосон, хахууль авсан, хууль бусаар олсон орлогоо хөрөнгө оруулалт нэрээр халхавчлан мөнгө угааж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1/Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т /Мөнгө угаах/ зааснаар яллагдагчаар татагдаад байсан юм. Мөн түүнийг 12 дугаар сард болсон нүүрсний хулгайн жагсаалыг зохион байгуулахад гол үүрэгтэй оролцсон, Монголын оюутны холбоонд хамт ажиллаж байсан хүмүүсээрээ дамжуулан мөнгө тарааж, жагсаал зохион байгуулсан гэдэг шуум тарсан. Үүнийг баталж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Таван толгой ХХК-аас халагдсан Б.Ганхуяг болон Монголын Оюутны холбооны удирдлагууд санхүүжилт босгож, Засгийн газрын эсрэг жагсаал зохион байгуулсан” гэж мэдэгдсэн юм.

Б.Ганхуягийн тухайд өнгөрөгч оны 12 дугаар сарын 09-ний өдөр цагдан хоригдож таван сар орчим саатуулагдсаны эцэст ийнхүү батлан даалтад гарч байгаа нь энэ. Түүнтэй хамт түүний эхнэр П.Бадамxанд, эгч Б.Нарантуяа, хүргэн Д.Пүрэвдорж, тус компанийн албаны дарга С.Энхтөр, “Сагсайс Редер” ХХК-ийн захирал С.Энхтүвшин, “Хишиг арвин индустрал” ХХК-ийн “босс” гэгдэх Б.Хишигдорж, тус компанийн Гүйцэтгэх захирал М.Хүрэлбаатар нарыг цагдан хорьж байсан. 

Б.Ганхуягт хязгаарлалтын бүс тогтоож, цахим гавтай суллажээ. Мөн нэр бүхий хүмүүстэй уулзахыг хоригложээ. Б.Ганхуяг батлан даалтад гарсан нь түүнтэй хамтарч байсан олон хүнийг айдаст автуулж байна гэх. Хэний нэрийг АТГ-т өчиж, хэн хэн нэмэлтээр шалгагдаж эхлэх бол гэсэн хүлээлт хаа хаанаа үүссэн байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу