Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн билээ.

Улмаар УИХ-ын дарга захирамж гаргаж, гишүүдийг өнөөдрөөс /2023.05.08/ эхлэн долоо хоног тойрогт нь ажиллуулахаар томиллоо.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахдаа заавал гурван хэлэлцүүлэг явуулах бөгөөд нэг болон хоёр дахь хэлэлцүүлгээр төслийг эцэслэн батлахыг хориглодог.

Мөн “Хэлэлцүүлэг хоорондын хугацаа хэлэлцэж буй асуудлын шинж байдал, цар хэмжээнээс хамааран долоогоос доошгүй ажлын өдөр байх ба энэ хугацаанд Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо шууд болон өөрийн бие төлөөлөгчөөр дамжуулан уг үйл ажиллагааны үр дүнг мэдээлж, иргэдийн санаа бодлыг судалж, харгалзан үзэх ажлыг заавал хийнэ” хэмээн заасан байдаг. 

Тиймээс энэ дагуу УИХ-ын гишүүд энэ долоо хоногт тойрогтоо ажиллаж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдэд танилцуулна.

Иргэдийн үзэл бодол, байр суурийг судалсан тайлан мэдээгээ энэ сарын 17-ны дотор Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэх юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу