Шилэн ажиллагааны талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл хүргэж байна. (2023.05.08)

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Нийгмийн халамжийн сан, Хүүхдийн төлөө сангийн мэдээллийг ил болгож байгаа аж.

Мөн Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Улсын авто замын сан, Соёлын яамны харьяа Соёл урлагийг дэмжих тусгай сангийн мэдээллийг ил болголоо. 

Сангуудын талаарх ил болгосон мэдээллийг shilen.gov.mn сайтаас харах боломжтой. 

Энэ талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал “Засгийн газрын тусгай сангуудаас Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны дөрвөн сангийн мэдээллийг ирүүлэх шаардлагыг яаманд хүргүүлсэн. Энэ хүрээнд тус дөрвөн сангаас хоёрынх нь мэдээлэл бүрэн бүтэн байдлыг хангаагүй.  Тийм учраас мэдээллийн бүрдлийг хангаж ирүүлэхийг шаардаад, буцаасан.  

Тиймээс өнөөдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хоёр тусгай сан, Улсын авто замын сан,  Соёл урлагийг дэмжих тусгай сангийн мэдээллийг ил болгож, shilen.gov.mn сайтад байршуулж байна. 

Мэдээллийг нь ил болгож буй Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хоёр тусгай сан нь Нийгмийн халамжийн сан, Хүүхдийн төлөө сан юм.  

Нийгмийн халамжийн сан нь 2008 оноос хойш 7,5 их наяд төгрөгийг давхардсан тоогоор 21,6 сая иргэнд, халамжийн 14 төрлөөр зарцуулжээ. 

2022 оны жилийн эцсийн байдлаар гэхэд 515,6 тэрбум төгрөгийг давхардсан тоогоор 1,3 сая иргэнд зарцуулсан байна.

Халамжийн сангийн зарцуулалтын 14 төрлөөс гурав нь буюу Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлсэн тусламж хөнгөлөлт, ахмад настанд үзүүлсэн тусламж хөнгөлөлт, олон нийтийн оролцоог түшиглэсэн халамжийн үйлчилгээг үзүүлдэг 967 хуулийн этгээдэд олгосон санхүүжилтийн мэдээллийг харах боломжтой боллоо. 

Мөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд харьяалагддаг Хүүхдийн төлөө сангийн мэдээллийг ил болгож байна. 

Тус сан 2021-2023 оны хооронд нийт 11 тэрбум төгрөгийг дараах дөрвөн төрлөөр хуримтлуулсан байна. Үүнд, 

  • Хандив тусламж,
  • Авто тээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлого,
  • Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжсэн соёл урлаг, спортын тоглолтын орлого,
  • Бусад 

Үүнээс 106,7 сая төгрөгийг нийт 45 хүүхдэд хоёр төрлөөр зарцуулсан байна. 

Тус сангийн орлогын дийлэнх хувийг Авто тээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлого эзэлж байна. 

Үүнээс

  • 2021 онд Улаанбаатарын 1998, орон нутгийн 43 серийг борлуулж, 3,4 тэрбум төгрөг 
  • 2022 онд Улаанбаатарын 2142, орон нутгийн 73 серийг борлуулж, 4,3 тэрбум төгрөг
  • 2023 оны байдлаар Улаанбаатарын 985, орон нутгийн 138 серийг борлуулж, 1,1 тэрбум төгрөг

Нийт Улаанбаатарын 5125 сери, орон нутгийн 954 серийг борлуулж, 9 тэрбум төгрөгийг хүүхдийн төлөө санд төвлөрүүлсэн байна. 

Гэвч энэ сангийн мөнгийг эргээд хүүхдэд зарцуулах байдал нь тун хангалтгүй байна.

Улсын авто замын сан 2008 оноос хойш 231,1 тэрбум төгрөгийн зарцуулалт хийжээ. Аймаг, орон нутгуудад Авто замын ашиглалтын газар байдаг. Тус байгууллагууд төсвөө хэрхэн зарцуулж буйг энэ мэдээллүүдээс харах боломжтой. Тухайлбал, 2008 оноос хойш Улсын авто замын 522 төсөл хөтөлбөрийн хэрэгжүүлэхээр нийт 106 хуулийн этгээд санхүүжилт авсан байна.

Соёл урлагийг дэмжих санд 2021 оноос эхэлж санхүүжилт олгосон. Үүнд жил бүр 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсвөөс олгодог. Энэ санд олгож байгаа санхүүжилт эргэн төлөгддөггүй нөхцөлтэй. Өнгөрсөн хугацаанд Соёл урлагийг дэмжих сангаас  58 хуулийн этгээд 15 иргэний санхүүжилт авсан дүнгийн мэдээллийг  ил болгож байна.

Мөн төрийн болон орон нутгийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийн мэдээллийг шат дараатай ил болгож байгаа. 

Өнөөдөр дараах 49 байгууллагын ТУЗ-ийн цалингийн мэдээллийг ил болгож байна. 

Үүнд, 

  • УНТЭ,
  • Улсын Гуравдугаар эмнэлэг,
  • Арьс өвчин судлалын үндсэний төв,
  • Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төв,
  • Улаанбаатар төмөр зам,
  • Хөшигтийн хөндий, 
  • Төрийн өмчийн 8 их сургууль,
  • 14 МСҮТ,
  • 22 коллеж,
  • Ерөнхий боловсролын болон олон улсын хөтөлбөртэй дөрвөн сургууль гээд нийт 49 байгууллагын ТУЗ-ийн гишүүдийн мэдээлэл, цалинг нээлттэй байршууллаа” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу