Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тэмдэглэдэг билээ. Мөн энэ өдрүүдэд улсад хамгийн их татвар төлсөн ААН-үүдийг зарладаг юм. Татвар төлөлтөөр тэргүүлж буй эхний арван байгууллагыг өнөөдөр (2023.05.08) нээлтийн арга хэмжээний  үеэр танилцууллаа. Тодруулбал,

  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 1.216.2 тэрбум төгрөгийн татвар төлөлтөөр тэргүүлж байна.
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК 990.1 тэрбум төгрөг,
  • Оюутолгой ХХК 439.9 тэрбум төгрөгөөр,
  • “Энержи ресурс” ХХК 289.3 тэрбум төгрөг,
  • “Тавантолгой” ХК 261.6 тэрбум төгрөгөөр,
  • АПУ ХК 212.1 тэрбум төгрөг,
  • ХААН банк 197.4 тэрбум төгрөг,
  • Голомт банк ХХК 137.4 тэрбум төгрөг,
  • “Си Өү Эй Эл” ХХК 104.0 тэрбум төгрөгөөр,
  • “Цайрт минерал” ХХК 98.6 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна.

Мөн Улс, орон нутгийн төсөвт татварын байгууллага өнгөрсөн онд 8.2 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээс оны эцсийн санхүүгийн тайлангийн гүйцэтгэлээр 9.3 их наяд төгрөг болж 1.1 их наяд төгрөгөөр давуулан биелүүлжээ. Энэ талаар Татварын ерөнхий газар (ТЕГ)-ын дарга Б.Заяабал нээлтийн арга хэмжээний үеэр танилцуулсан юм.Харин 2023 онд төсөвт 10.1 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх аж. Мөн тэрбээр,  “Энэ жилийн “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг “Цахимаар үйлчлүүлье” уриан дор тэмдэглэж байгаа бөгөөд  “Монголын татварын байгууллага гадаад, дотоод талын үйл ажиллагаагаа 100 хувь бүрэн цахимд шилжүүлсэн. Татвар төлөгч нь татварын албанд биеэр ирэхгүйгээр цахимаар бүх үйлчилгээ, мэдээллээ бүрэн авах боломжтой болсон” тухай онцолсон юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу