Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа аж ахуйн нэгжүүдийн хүний нөөцийн менежерүүдтэй хийлээ. Уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, ХНХ-ын сайд Х.Булгантуяа болон тус яамны газрын дарга нар банк санхүү, уул уурхай, барилга, хүнс, эрүүл мэнд, үйлчилгээний салбарын хүний нөөцийн мэргэжилтнүүд, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцсон юм.Хүний нөөцийн салбарынхан Монгол төдийгүй дэлхий дахинд ажиллах хүчний хомсдол үүсээд буй тул алсыг харсан тогтвортой, цогц бодлого барьж, төр, хувийн хэвшил хамтран ажиллах шаардлагатай байна гэлээ. Цалин хөлс нэмэх зүй ёсны шаардлага байгаа ч бүтээмжид суурилсан байх, зах зээлд эрэлттэй мэргэжилтэн бэлтгэх, бэлтгэж буй мэргэжилтний чадвар, хандлага төлөвшилд анхаарах бодлого хэрэгтэй байгааг онцоллоо. “Онч аудит” ХХК-ийн захирал Д.Ончинсүрэн: Цалин нэмэхгүй бол боловсон хүчнээ гадагшаа алдаж дууслаа. Гэхдээ өндөр цалин олгоход НДШ зэрэг татварын хэмжээ дарамт болж байгааг анхаарах хэрэгтэй байна. Мөн гадаадаас ажиллах хүчин оруулж ирэхэд ажлын байрны төлбөр өндөр байгаад анхаармаар байна.

“HR club” холбооны тэргүүн Ш.Баярмагнай: Байгууллагуудад ажиллах хүчний асуудал тулгамдаж байна. Мөн чадварлаг боловсон хүчнээс түрүүнд зөв төлөвшил, хандлагатай хүн хэрэгтэй байна. Үүнийг боловсролын суурь хөтөлбөрт оруулж өгмөөр байна.

“Макс” группийн Хүний нөөцийн захирал Д.Нямлхаажав: Ажлын байранд чадвартай, дадлага, туршлагатай туслах ажилтан дутагдаж байна. МСҮТ-ийн төгсөгчдийн ур чадварыг сайжруулмаар байна. Ажлын байр олноор бий болгосон баялаг бүтээгчдээ бодлогоор дэмжмээр байна.

Монголын мэргэшсэн “Хүний нөөцийн менежер” холбооны тэргүүн Т.Цэцэгмаа: Хөдөлмөрийн зах зээл дээр залуу ажиллах хүчний хомсдол үүссэн. Цаашид ч үргэлжлэхээр байна. Төр үүнд бодлогын зохицуулалт хийх хэрэгтэй. Мөн гадагшаа чиглэсэн их нүүдэл бий болсон. Үүнд бодлоготой хандах хэрэгтэй байна.

“Витафит” группийн хүний нөөцийн захирал А.Дэлгэрмөнх: Анх удаа Ерөнхий сайдтай өглөөний уулзалтад орж байна. Арван жилийн өмнө Засгийн газраас “Зөгийн үүр” хөтөлбөр хэрэгжүүлж, тэр үед ур чадвартай, өндөр боловсролтой, туршлагатай хүний эрэлд явж байсан бол өнөөдөр ерөөсөө л хүний эрэлд явж байна. Ялангуяа, инженер техникийн мэргэжилтэн ховор байна. Хүнсний салбарт энэ жил механик инженер, тоног төхөөрөмжийн инженерийн төгсөгч байхгүй, сүүлийн дөрвөн жилд сантехникийн инженерийн төгсөгч байхгүй байх жишээтэй. Төрийн бодлого энд хэрэгтэй байна” гэсэн юм. Уулзалтын үеэр гарсан саналыг нэгтгэн судалж, хамтран ажиллахаар боллоо.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу