Нүүрсний хулгай хэмээх нийгмийн том сэдвийн тэргүүн эгнээнд бичигдэж, яригдаж буй Эрдэнэс Таван толгойн ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг 461 дүгээр хорих ангид таван сар хоригдсоны эцэст өнгөрөгч баасан гарагт суллагдсан.

Түүний өмгөөлөгч нар үйлчлүүлэгчээ суллах саналыг Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаснаар шүүхээс түүнд хязгаарлалт тогтоож, цахим гав зүүж сулласан нь өнгөрөгч баасан гарагт өрнөсөн хуулийн байгууллага хавийн гол үйл явдал байлаа. Гэсэн ч өчигдөр прокурорын байгууллагын зүгээс шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасан. Үүнийг нь 2023 оны 5 дугаар сарын 8-ны өдөр буюу өчигдөр хянан хэлэлцээд прокурорын гомдлын хүлээн авч, шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулан яллагдагч Б.Ганхуягийг “…гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа, хэргийн ээдрээ төвөгтэй байдал арилаагүй…” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2023 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс 1 сарын хугацаагаар сунгах шийдвэрийг гаргалаа.

АТГ-аас Эрдэнэс Таван толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн гэдгийг эх сурвалж хэлсэн юм. Өнгөрөгч баасан гарагт Б.Ганхуягийг сулласан нь хуулийн байгууллагынханыг амралтын өдрүүдээр түргэн авахуулахад хүргэжээ. Прокурорын байгууллагаас түүнийг суллах эрх зүйн боломжгүй гэж үзэж байсан бол АТГ, Хүний эрхийн үндэсний комисс, шүүх байгууллагын зарим удирдлагууд түүнийг суллах цаг болсон талаар яриа өрнөсөн байна. Зарим хэвлэлээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Б.Ганхуягийг суллах чиглэл өгөөд ИБУИНВУ-ын эзэн хааныг хаан ширээнд залах ёслолд оролцохоор монголоос явсан гэх мэдээлэл гарав.

Ямартай ч эцэст нь прокурор өөрсдийн үндэслэлээ баталгаажуулж, шүүхээр шийдвэрээ гаргуулснаар Б.Ганхуяг дахин хоригдлоо. Өнгөрөгч таван сарын хугацаанд 461 дүгээр хорих ангид саатуулагдаж байхад түүнтэй уулзах нь бүү хэл нэрийг минь дурсчих вий гэсэн хүмүүс их байсан. Тэр ч утгаараа нүүрснийхэн дунд Б.Ганхуяг өөрөө тэсрэх бөмбөг тээж яваа хүн гэхэд болно. Тиймээс баасан гарагийн оройноос амралтын бямба, ням гарагуудад түүнийг хэнтэй уулзсан бол, юу хийсэн бэ гэсэн асуултын хариултыг олох эрэлд бүгд гарцгаасан байх юм. Б.Ганхуягийн хоёр хоногт уулзалт хийв үү. Хэрэв тийм бол хэнтэй вэ, магадгүй ямар нэгэн тохироо өрнөсөн үү гэх хардлага байсаар байна. Цаг үрсэн дэмий шахуу хүнтэй уулзахгүй нь лав. Тиймээс олдсон боломж, цаг хугацаагаа ашиглаад авсан байх магадлалтай юм.

Даанч олон хүнийг хөлдөө чирж мэдэх нүүрсний хулгай тойрсон “том”-чууд Б.Ганхуягийг сулласан хоёр өдөр нойргүй өнгөрсөн бололтой. Хүн нэг бүрчлэн уулзах боломжгүй ч ганц хоёр хүнтэйгээ холбоо тогтоох боломж бүрдсэн гэдгийг зарим эх суралж хэлсэн юм. Өмнө нь иргэн Д.Мөнх-Эрдэнийг сулласан ч хоёр хоногийн дараа эргэн хорьж байсан тул ийм нөхцөл байдал үүсэхгүй гэх баталгаагүй гэдгийг тэр мэдэж байсан. Тиймээс амжиж уулзах ёстой хүнтэйгээ уулзсан гэх мэдээлэл байна.

Сануулахад, “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяаг нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн эгч Б.Нарантуяа болон найз нөхдийн хамаарал бүхий харилцаатай иргэн С.Энхтүвшин, С.Энхтөр, Д нарт давуу байдал бий болгосон, хахууль авсан, хууль бусаар олсон орлогоо хөрөнгө оруулалт нэрээр халхавчлан мөнгө угааж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1/Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т /Мөнгө угаах/ зааснаар яллагдагчаар татаад байгаа юм.

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу