Даанч нэг дураараа дургисан нүүрсний бүлэглэл илчлэгдэх шатандаа орлоо гэж хуулийн байгууллагаас хүмүүсийн нэрс зарласан ч замхрав. Гэсэн ч албан ёсоор хэнийг ч нүүрсний хулгайч болохыг нотолсон шүүхийн шийдвэр гараагүй. Үндсэн хуулиар олгогдсон энэ эрх зөрчигдөж, бүхэлдээ нүүрсний хулгайч, Хөгжлийн банкны тонуулч, ЖДҮ-чин гэх мэтчилэн хусавч арилахгүй муу нэртнүүд бизнесийнхэн болов. Нүүрсний хулгайд нэр холбогдсон хүмүүсийн ард бизнес, хөрөнгө оруулалт, нэр хүндээс эхлээд бүх зүйл нь үнэндээ новш болж гүйцэж байна. Ялангуяа бизнес эрхлэгчдийн хувьд итгэлцэл, хөрөнгө оруулалт дээр явдаг тул нүүрсний хулгай, Хөгжлийн банк, ЖДҮ-д нэр холбогдсон хүмүүс, тэдний хамаарал бүхий этгээдүүд, найз нөхөд гээд олон хүн нэр хүндээрээ, хөрөнгө оруулалтаараа, олон жил зүтгэж босгосон бизнесээрээ хохирч эхэллээ. Нүүрсний хулгайд нэр холбогдсон олон хүний хамаарал бүхий компаниудын үйл ажиллагаа доголдох чиглэл рүүгээ ороод эхэлсэн байна. Үүнийгээ ч ил далд хэлэх болж. Тиймээс хуулийн байгууллага яаралтай шалгаад хэрэгт холбогдолтойд нь хуулийн хариуцлага хүлээлгэж, холбогдолгүй хүмүүсийнх нь нэрсийг зарлахгүй бол энэ улс хулгайд бүрэн автсан гэдэг ойлголт манай нийгмийн сэдэв биш болж гадаадын хөрөнгө оруулагч, бизнесийн хамтрагч нарт нь сөргөөр нөлөөлж эхэллээ.

Өнгөрөгч арванхоёрдугаар сараас эхлэн шалгаж, таван сарын хугацаа өнгөрөөд байгаа ч  нүүрсний хулгай өөдтэй үр дүн гарч байгаа талаар хуулийнхан дуулгасангүй. Эсхүл шалгаж дуусчихаад нийгмийн турхиралтаас айгаад чимээгүй сууж байгаа бол улсынхаа эдийн засгийг нуруундаа үүрч яваа бизнесийн салбараа давхар чирж унагаж байна гэсэн үг. Шударга ёс тогтоох гэж байгаагаа зарлан тунхаглах болсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүнийг анхааралдаа авахгүй бол хүчээр нийгмийн сэдэв болгосон хулгай нэртэй бусдыг намнах арга чинь аж ахуйн нэгжүүдийг давхар хар жагсаалт руу хөтөлж байна шүү. Нэр л холбогдсон болохоос бүгд хулгайч биш гэдгийг хаа хаанаа бас бодолцох хэрэгтэй. Үүн дотор сайн ч бий, муу нь бий. Эцсийн гэм буруутайг шүүх тогтооно. Манай нийгэм бүгдийг ялладаг, цаазын тавцанд ил гаргаж тавьж байгаад зүхэж боорлодог махны машин болчихсон, товчхондоо. Алдагдсан боломжуудаа бодохоор хэн ч тэсэрч дэлбэрэх дөхөх ч бүгд арилсан дотортой хулгайч нар биш гэдгийгн л хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Цахим орчинд хэн нэгэн рүү дайралтууд явуулж байгаад шүүхэд нөлөөлөх хандлага ч газар авсан.

Өмнө нь ЖДҮХС-аас зээл авсан компаниудыг АТГ-аас эхлээд хуулийн байгууллага шат дараалан дамжиж явсаар дуусахад гурван жил шаардсан байдаг. Энэ хугацаанд тус компаниуд үйл ажиллагаа явуулж чадалгүй таг гацаанд орж хаалгаа барьцгаасан. ЖДҮ-тэй холбоотой, хуулийн байгууллагын шалгалтын явцын талаар Ерөнхий сайд мэдээлэл авч, хэчнээн аж ахуйн нэгж хаалгаа барьсан бэ гэдгийг харчихад илүүдэхгүй байх. Цаашдын үлээх шүглээ бодолцож байхгүй бол элгээрээ хэвтсэн улсын эрхэм Ерөнхий сайд болж үлдэх нь ээ. ЖДҮ-д нэр холбогдон бизнес эрхлэгчтэй өнгөрөгч долоо хоногт уулзахад “Гурвын жилийн дараа гар утас, байгууллагынх нь компьютер техникүүдийг өгсөн ч хэдийнэ манайх үүдээ барьсан байсан. Гурван жил шалгуулсны эцэст ЖДҮХС-аас улс төрд нөлөө бүхий албан тушаалтнаар дамжуулан зээл аваагүй, мөнгө угаагаагүй гэдэг нь нотлогдсон. Харамсалтай нь бизнес маань дампуурсан. Хуулийн байгууллага анх ЖДҮ санд холбогдуулан нэр зарласан ч холбогдолгүй юм байна гэж бас зарлах ёстой ч тэгсэнгүй. Бизнес маань дампуурч, би өөрөө ЖДҮ-чин нэртэй л үлдлээ” хэмээн ярьж байсан. Үүний нэг жишээ нь УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, Б.Баттөмөр нарыг АТГ-аас нүүрсний хэрэгт холбогдуулан шалгахаар болсон 17 хүний нэр дунд цохсон. АТГ шалгаад дээрх хоёр гишүүнийг нүүрсний хулгайд холбогдолгүй юм байна гээд албан бичиг өгсөн ч нийгэм бүхэлдээ нүүрсчин л гэж цоллож байгаагаас “Хэрэгт холбогдолгүй” гэсэн алга дарам цаасыг нь ярьж байгаа хүн алга. Энэ мэтчилэнгээр хэдэн хүн нэр төрөөрөө хохирч үлдэхийг таах аргагүй юм.

Цар тахлын хүнд үеийг дөнгөж даван туулж байгаа бизнесийнхэнээ давхар бодохгүй бол бүгд хулгайч болж, нийгэм бүхэлд нь яллаж байна. Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон бизнесүүд үнэндээ монголд цаашид үйл ажиллагаа ч явуулах боломжгүй болтол нийгмээрээ зүхлээ. Хөгжлийн банкны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын үеэр нөхцөл олон компанийн хуудуу илэрсэн ч цөөнгүй бизнесүүд шударгаар явсан гэдгээ хэлээд ч үхэр тэргээр туулай гүйцэж чадсангүй. Шударга ёсны төлөө хэргийг үнэн шударгаар яаралтай шийдэхгүй бол цар тахлын хүнд үе, хуулийн байгууллагын хүнд үеийг давах тамир бизнесийнхэнд хэр их байгаа вэ гэдгээ бодох ёстой юм. Нүүрсний хэрэгт холбогдсон хүмүүс цаашлаад хамаарал бүхий хүмүүсийнх нь бизнес нүүрсний хулгайд холбогдолгүй ч нийгэмд зүхүүлсээр байвал дампуурсан бизнесийг нь хэн босгож өгөх вэ. “Үнэнээ ярихад хүртэл нийгэм нь хүлээж авахгүй ийм л цаг үед бид амьдарч байна” гэж халаглах ЖДҮ-д нэр холбогдсон хүний хэлсэн үгс одоо ч чихэнд сонсогдож байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу