Хүн төрөлхтөн хор уршгийг нь хэзээ ч үл мартах аймшигт үйл явдал бол дэлхийн хоёрдугаар дайн яалт ч үгүй мөн. Энэ өдөр бол 70 сая хүний халуун амийг тасалсан Дэлхийн хоёрдугаар дайн Европын бүс нутагт дуусаж фашист Герман олон улсын өмнө үг дуугүй бууж өгсөн түүхт өдөр юм.
Герман үг дуугүй бууж өгснийг ЗХУ-д 9-нд шилжих шөнө зарлаж, И.Сталины тушаалаар тэр өдөр Москвад 1000 их буугаар ёслолын буудлага хийсэн гэдэг. Зөвлөлтийн дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн зарлигаар тавдугаар сарын 9-ний өдрийг Ялалтын баяр болгосон байна. Ялалтын баярын анхны парадыг 1945 оны зургаадугаар сарын 24-нд Улаан талбайд хийсэн бөгөөд парадыг ЗХУ-ын маршал Рокоссовский командалж, ЗХУ-ын маршал Г.К.Жуков Улаан талбайд цагаан морьтой гарч ирж хүлээж авсан түүхтэй аж.
Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80% шахам оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ. Нийт 70 сая хүн амь үрэгдсэний ихэнх нь энгийн иргэд байсан. Дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар триллион америк доллар болсон нь түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайн гэж тооцогддог байна.
Мөн дэлхийн хоёрдугаар дайнд манай ард түмэн хойд хөршид их хэмжээний хангамж хоол хүнсийг хүлээлгэж өгсөн байдаг. Үүнээс дурдвал:
  • Агт морьд- 1 сая гаруй
  • Өвлийн иж бүрэн хувцас- 15 000 ширхэг
  • Үстэй хүрэм- 30 000 ширхэг
  • Хос эсгий гутал- 30 000 ширхэг
  • Мах- 500 мянган тонн
  • Цөцгийн тос- 90 тонн гэх мэтчилэн илгээж байжээ.

Дашрамд дурдахад, тухайн үеийн холбоотон дэлхийн том гүрэн АНУ тэр жилүүдэд 665 мянган тонн консерв нийлүүлсэн байдаг.  Гэтэл дөнгөж 800 мянган хүн амтай, аж үйлдвэржээгүй,  эдийн засаг гэх зүйлгүй, мал аж ахуй дагнасан ядуу буурай Монгол улс нь, 500 мянган тонн бэлчээрийн малын, ангийн тураг мах нийлүүлжээ. Зээрийн сүргийг тэр чигээр нь төмөр замын өртөө рүү шахаж үргээн хэдэн мянгаар нь ав хомрог хийн бүхнийг фронтод илгээж байсан аж.

Ялалтаас хойш таван сарын дараа буюу 1945.10.20-нд БНМАУ-ын бүх ард түмний санал хураалт болсон ба Монголын тусгаар тогтнолыг Дэлхийн улсууд хүлээн зөвшөөрч эхэлсэн юм.

Энэ нь дайны үеийн тусламж дэмжлэг, найрсаг харилцааны үр дүн байж ч болох юм. Гэвч Оросуудад тусалсан тулдаа тусгаар тогтносон гэж хэлэх гэсэнгүй. Чухамдаа түүхэнд тэмдэглэгдсэн үйл явдлыг цухас дурдсан нь энэ болно.  Мөн ЗХУ нь гэмгүй, баатарлаг явсаар ялалтыг авчирсан гэвэл өрөөсгөл ойлголт.  Дэлхийн 2-р дайн нь нийтдээ 6 жил 1 өдөр үргэлжилсэн. Анхлан Орос,Герман хоёр хуйвалдаж дайн дэгдээсэн бөгөөд Молотов-Риббентропын нууц гэрээ \ Европыг хуваах гэрээ\ хийж бүх Европ тивийг эзэлчихсэн ч гэдэг. Европ тивд Гитлерийн эсрэг тууштай тэмцсэн ганцхан улс бол  Англи. Гэвч тэдний хүч хүрээгүй ялагдсан түүхтэй.

Оросууд,  Гитлертэй холбоотон болж,олон орныг эзлэн түрэмгийлж,асар их гэмт хэрэг үйлдэж байснаа нуудаг талаар түүхийн баримтууд ч ил болж байсан. Анх Орос, Герман хоёр улсын маргаанаас энэхүү дайн эхэлж, Япон улс мөн Сувдан эрэг рүү  дайрснаар дэлхийг дахиныг дайны сүүдэр нөмөрсөн юм.Тэгэхээр ЗХУ бол цэргийн гэмт хэрэгтнүүд ч байж болно.

Оросууд, Америкчууд энэхүү ялалтын баярыг тэмдэглэн парад жагсдаг. Дайнд амь үрэгдсэн олон мянган энгийн иргэдийн дурсгалыг хүндэтгэх нь зүйн хэрэг. Харин Монголчууд хэт гүн хүлээж аваад, нийгэм дундаа талцаж маргах нь тийм ч таатай биш.  Ялалтын баяр бол бүх хүн төрөлхтний хамтын баяр болохыг түүх хэдийнээ гэрчилдэг.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу