“Иргэн бол хүч” залуусын санаачилгын үүсгэн байгуулагчид өнөөдөр (2023.05.09) Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Нэмэлт өөрчлөлтийн санал асуулгад бүх  иргэд хамрагдсан гэдэгт итгэхгүй байгаа бөгөөд иргэдийн оролцоо сул байгаа тухай мэдээллээ.

Хэвлэлийн бага хурлаар, “Иргэн бол хүч” залуусын санаачилгын үүсгэн байгуулагч Б.Өлзийбат:

-Нийгэмд томоохон тогтолцооны өөрчлөлт хийх ёстой. Гэхдээ тэр нь хэдхэн хүний эрх мэдлээ батжуулахын төлөөх өөрчлөлт байж болохгүй ээ. Энэ авлига, албан тушаалын асуудал үнэхээр иргэдийн бүх боломжийг хулгайлж, иргэдийг хүчгүйдүүлж байна. Өнөөдөр 10 төрийн албан хаагчийн 8 нь гадагшаа явахыг хүсэж байна. Үүнийг өөрчлөх, засаж залруулахад иргэдийн оролцоо маш чухал. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг 2023 оны дөрөвдүгээр сарын 14-нд 21 аймагт 22 удаагийн уулзалт хийж ард иргэдээс санал авсан байдаг. Үүнд 60 000 иргэн оролцож, 33 900 иргэн санал өгсөн.Үндсэн дөрвөн том агуулгын хүрээнд иргэдээс санал авсан ч өргөн барихдаа ганцхан заалтыг оруулсан байгаа юм. Үүнд:

  1. УИХ-ын гишүүдийн 76-г мажоритар, 76-г пропорциональ аргаар сонгож, гишүүдийн тоог 152 болгох,
  2. Үндсэн хуулийн цэц Үндсэн хуульд заасан иргэний эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай маргааныг уул эрх эрх чөлөө нь нь зөрчигдсөн гэж үзэж байгаа иргэний  өргөдлөөр хуульд заасан үндэслэл, журмын дагуу магадлан шийдвэрлэж эцсийн шийдвэр гаргана,
  3. Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг нэг удаа 6 жилээр томилно. Нэгээс олон удаа сонгогдохгүй,
  4. 19-р зүйлийн 2 дах хэсгийг хүчингүй болгоно. \Онц байдал үүссэн үед иргэний эрхийг зөрчиж болно\ гэсэн заалтыг хүчингүй болгоно гэх мэтчилэн том хүрээний заалтыг иргэдэд танилцуулсан байдаг. Гэвч иргэд үүнийг сонгосон гээд ганцхан “гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөх” заалтыг л оруулсан байна.

Гишүүдийн эрх мэдэл хоёр дахин буурна, эдийн засаг хоёр дахин өснө гэж байгаа. Энэ бол худлаа. Одоо иргэдтэй уулзахдаа 2025 онд энэ үр дүн гарна гэж ярих байх. Үнэндээ 2028 оноос наашгүй. Олон орны жишээнээс харахад тогтолцоог өөрчилснөөр шууд үр дүн гарах боломж бага. Иргэддээ үнэнийг хэлэх хэрэгтэй” гэдгийг онцолсон юм.

 Тэгвэл, “Иргэн бол хүч” залуусын санаачилгын Үүсгэн байгуулагч М.Төртогтох: “Бид оролцохгүйгээсээ болоод бүх золиосоо амьжиргаагаараа төлдөг. Үнийн өсөлт, ядуурал, ажилгүйдэл нүүрлэсэн байна. Гэхдээ оролцоог бол парламент хангасан  байдаг. 1995 оноос эхэлсэн парламентын цахим шилжилтийг манай улс хийчихсэн. Одоо уг хуулийн төсөлд бүх иргэд дараа нь харамсахгүйн тулд саналаа өгөх хэрэгтэй. Шүүмжлэхээс илүү бодитоор оролцох хэрэгтэй байна.

Бидний тавьж буй хүсэлт бол, Үүсээд байгаа нөхцөл байдалд иргэдийн оролцоог хангах. Гадны орны гишүүдийн тоог дуурайхаасаа илүү улс төрийн намын дотоод ардчиллын асуудал, сонгуулийн тогтолцоог л ярих хэрэгтэй юм. Тус хуулийн саналд саналаа өгөх хэрэгтэй байна. Мөнгө, албан тушаалаар өрсөлдөж байснаас бодлогоор өрсөлддөг байх хэрэгтэй.  Нам дотроо хэн нь мөнгөтэй, хэн нь ямар албан тушаалтайгаар өрсөлддөг биш үнэхээр бодлого, мөрийн хөтөлбөр, ажил төлөвлөдөг жишиг тогтоох шаардлага үүсчихсэн байна” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу