Найм дахь жилдээ зохиогдож байгаа “Улаанбаатар марафон” арга хэмжээний урьдчилсан бүртгэл болон үйл ажиллагааны талаар өнөөдөр (2023.05.09) Биеийн тамир спортын газраас товч мэдээлэл өглөө.

Энэ удаагийн Улаанбаатар марафон нь “өдөрлөг” болж өргөжсөн ба гүйхгүйгээр олон төрлийн үйл ажиллагааг үзэж сонирхох боломжтой болсон аж. Автомашингүй өдрийг урлаг соёлын тоглолт, танилцуулах өдөрлөг гэх мэт үйл ажиллагаагаар баяжуулж зохион байгуулахаар төлөвлөжээ. Арга хэмжээнээс  долоон хоногийн өмнө бүрэн дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж.

 Биеийн тамир спортын газрын дарга Ж.Ганболд: “Тавдугаар сарын 27-ны өдөр болно гэж төлөвлөж байсан ч тодорхой шалтгаанаар хойшлоод байсан ч ирэх сарын 3-нд зохин байгуулагдахаар болж, албан ёсны бүртгэлээ эхлүүлээд байна. Энэ удаагийн уралдаанд ОУ-ын нэр хүндтэй тамирчдыг урьж оролцуулж байгаа. Одоогоор Япон, Франц гэх мэт орнуудаас тамирчид ирэхээр мэдээллээ өгсөн. Зам маршрутын хувьд өмнөх жилүүдийн батлагдсан маршрутаар зохиогдоно” гэсэн юм.

Жишээ нь: 5км-ын зайнд “Сүхбаатарын талбайгаас гарч, 40 мянгатаар сансрын үйлчилгээний төв хүрч, Бөхийн өргөөгөөр буцаж талбай чиглэлд гүйх” гэх мэтчилэн.

Эрүүл мэндийн нийтэд зориулсан гүйлт, өсвөрийн гүйлт болон бүх насныхны гүйлт гэх мэт ангиллууд бий. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гүйлтийн төрөл бас нэмэгдсэнийг онцолоо. Мөн гүйлтийн дараа иргэдэд зориулсан урлагийн тоглолт арга хэмжээ зохиогдоно. Тухайн өдөр спорт клубуудын танилцуулга өдөрлөг болох бөгөөд одоогоор 40 гаруй клуб бүртгүүлээд байгаа аж. 

Дашрамд дурдахад, Хүүхдийн баяраар (2023.06.01) мөн гүйлтийн бүртгэлийн ажлыг төв талбай дээр зохион байгуулах бөгөөд бага насны хүүхдийн төрөл, гэр бүлийн гүйлтийн төрөлд үнэ төлбөргүй бүртгэхээр болжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу