Д.Монголхүү зорчих эрхийг нь хязгаарлах ялыг хорих ял болгон өөрчилснийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргасан билээ. Улмаар түүний гомдлыг өнөөдөр /2023.05.09/ Нийслэлийн Давж заалдах шатны шүүх хэлэлцэв.

Шүүхээс Д.Монголхүүг яаралтай суллаж, цагдан хоригдсон хоногийг нь зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж тооцох шийдвэр гаргалаа.

Сануулахад, Д.Монголхүүг Эрүүгийн хуульд заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн.

Түүнийг шүүхийн шийдвэрийн дагуу зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байх хугацаандаа буюу 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тогтоосон маршрутаас гарсан, мөн 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр цахим хяналтын төхөөрөмжийг унтрааж ял эдлүүлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулсан хэмээн үзэж, эдлээгүй үлдсэн 6 сар 8 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг 6 сар 8 хоног хорих ялаар солих шийдвэрийг дөрөвдүгээр сарын 5-нд гаргасан билээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу