Нью-Йоркийн Колумбийн их сургуулиас жил бүр тодруулдаг АНУ-ын сэтгүүл зүй, уран зохиолын салбарын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг Пулитцерийн шагналыг Украйны сэтгүүлчид хүртжээ.

Тодруулбал, 2023 оны Пулицерийн шагналын эздийг мягмар гарагт шилжих шөнө зарласан тухай (НЬЮ ЙОРК. /VOA/) нийтэлжээ. Хамгийн нэр хүндтэй төрөл болох “Нийгэмд үйлчилсний төлөө” (Public Service) шагналыг “Associated Press” (AP) агентлагийн украин сэтгүүлчид хүртсэн байна.

Украины зураглаач, баримтат кино бүтээгч Мстислав Чернов, гэрэл зурагчин Евгений Малолетка, продюсер Василиса Степаненко болон Европын сурвалжлагч Лори  Хинант нарт олгосон юм.

М.Чернов, Е.Малолетка, В.Степаненко нар нь байлдааны ажиллагааны үеэр Мариупольд үлдсэн барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн цорын ганц төлөөлөгчид байсан юм. Чухам тэд Оросын бөмбөгдөлтөд өртсөн Мариуполийн амаржих газрын тухай мэдээг нийтэлжээ. Харин Евгений Малолетка “Мэдээний гэрэл зураг” төрөлд Пулицерийн шагналыг “Associated Press” агентлагийн бусад гэрэл зурагчидтай хамт хүртсэн байна.

Үүнээс гадна, Украины Буча хотын энгийн иргэдийн амь насыг хөнөөсөн үйл явдлыг сайтар нягтлан мэдээлснийх нь төлөө  “Олон улсын сурвалжлага” шагналыг “The New York Times” сонинд олгожээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу