Засгийн газраас хэрэгжүүлж буй Шилэн ажиллагааны хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Хүүхдийн төлөө сангийн мэдээллийг ил болгож, shilen.gov.mn сайтад байршуулсан билээ. Тус мэдээллээс харахад Хүүхдийн төлөө сан байгуулагдсан 2020 оноос хойш өнөөдрийг хүртэл 11 тэрбум төгрөгийг санд хуримтлуулжээ. 

Гэвч энэ мөнгөнөөс 106 сая төгрөгийг нь зарлагадаж, олон улсын тэмцээн уралдаанд шагнал хүртсэн 45 хүүхдийг шагнасан харагдаж байна.

Тодруулбал, Олон Улс, тив, дэлхийн тэмцээн, наадамд амжилт гаргасныг нь үнэлж,

  • 2020 онд 15 хүүхдийг 25 сая төгрөгөөр,
  • 2021 онд 3 хүүхдийг 8.9 сая төгрөгөөр
  • 2022 онд 27 хүүхдийг 72.8 сая төгрөгөөр шагнажээ.

Гэтэл 2021, 2022 онд шагнаж, урамшуулсан гэх 30 хүүхдэд 81,7 сая төгрөгийг нь өгөөгүй, энэ шагнал одоог хүртэл эзэндээ очоогүй байна.

Энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Хүүхдийн төлөө сангийн мөнгө яагаад зарцуулагдахгүй байгааг би ч бас гайхдаг байсан юм. Энэ сангийн мөнгийг зарцуулах эрхийг нь сангийн яамнаас төсөв дээр үүсгэх ёстой байдаг. Гэтэл сүүлийн хоёр жилийн хугацаанд тэр эрхийг нь үүсгээгүй юм байна. Тэгэхээр Хүүхдийн төлөө сангийн зарцуулалтыг нээх хоёр яамны хоорондын эрх зүйн орчныг бүрдүүлэлгүй өнөөдрийг хүртэл явчихсан байна. 

Өнгөрсөн хугацаанд цөөхөн хүүхдэд шагнал урамшуулал олгохоор мөнгө зарлагадсан.  Гэвч зарим хүүхэд нь өнөөдрийг хүртэл мөнгөө авч чадаагүй байгаа. 2020 онд 15 хүүхдийг 25 сая төгрөгөөр шагнасан. Энэ мөнгө хүүхдүүдэд очсон. Харин үүний дараагийн жилүүдэд шагнал урамшуулал олгох шийдвэр нь гарсан ч мөнгө нь олгогдоогүй. 

Сайд, дарга нар олон удаа солигдсоноос болоод зарцуулах эрх, журам нь шийдэгдээгүй гэж ойлгосон” гэлээ. 

Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмыг 2021 онд баталсан. Журамд,

  • Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг санхүүжилтээр дэмжих,
  • Олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд амжилт гаргасан хүүхдийг шагнаж урамшуулах,
  • Олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд оролцох бэлтгэл хангаж байгаа болон оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэхэд зарцуулна гэж заасан байдаг.

Харин Хүүхдийн төлөө сангийн мөнгийг өнгөрсөн хугацаанд дараах байдлаар хуримтлуулсан байна.

  • Авто тээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлого – 9 тэрбум төгрөг,
  • Хүүхдийн төлөө фонд ТББ- 2 тэрбум
  • Хандив, тусламж – 17 сая төгрөгийг хуримтлуулжээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу