Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны тавдугаар сарын 1-5-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 152 гомдол, мэдээллийг шалгажээ.

Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 24 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.

Үүн дунд УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарт холбогдох хэргүүд багтжээ. 

Тодруулбал,

  • Т.Аюурсайхан нь Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх;
  • Б.Ганхуяг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

Сануулахад, Эрдэнэс Таван толгойн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг 461 дүгээр хорих ангид таван сар хоригдсоны эцэст өнгөрөгч тавдугаар сарын 5-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар суллагдсан юм. Гэвч хоёр хоногийн дараа прокурорын байгууллагын зүгээс шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасан. Үүнийг нь 2023 оны тавдугаар сарын 8-ны өдөр хянан хэлэлцээд прокурорын гомдлын хүлээн авч, шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулан яллагдагч Б.Ганхуягийг “…гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа, хэргийн ээдрээ төвөгтэй байдал арилаагүй…” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг нэг сарын хугацаагаар сунгах шийдвэрийг гаргасан билээ.

ЭТТ-н захирал асан Б.Ганхуяг суллагдсан хоёр хоногтоо хэнтэй уулзаж, юу ярив нийтлэлийг ЭНД дарж уншина уу. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу