УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нар өнөөдөр (2023.05.11) тойргийнхоо иргэдтэй хоёр дахь удаагийн уулзалтыг хийлээ. Энэ үеэр Монгол Улсын Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөллөөс дэвшүүлсэн байр суурь, санал хүсэлт, асуултад хариулсан юм.Уулзалтын эхэнд Монгол улсын эдийн засгийн өсөлт, хүндрэл бэрхшээлийн талаар УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга М.Оюунчимэг товч танилцуулсан юм. Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтэд аж ахуй нэгжүүдийг дэмжих, ажлын байраар хангах асуудалд хийж хэрэгжүүлсэн ажил болон цаашдын төлөвийн талаар тойргийн иргэдэд мэдээлэл өглөө.

Мөн, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага ба гадаад дотоод хүчин зүйлсийн талаар иргэдэд тайлбар өгсөн юм.

Харин иргэдийн зүгээс ирсэн асуулт болон санал гомдлыг товчлон хүргэхэд:

  • Хариуцаж байгаа тойргийн иргэдийн тооноос хамаараад ачаалал их байгаа гэвэл сэтгэл л дутаж байгаа хэрэг.
  • Олон улсын жишээ, судалгаанд үндэслэж боловсруулсан гэж ойлгож байгаа. Дэмжинэ, гэхдээ 152 гэдэг арай олон юм.
  • Одоо байгаа тоон дээрээ 76 биш, 32-ыг нэмэхэд л хангалттай. Сонгууль явуулахад тогтолцооны хувьд зөв болно.
  • 152 болгочихоор жагсаалтаар хэн ч орж ирэхийг үгүйсгэхгүй. Эрсдэл өндөр учраас сайтар хэлэлцэх хэрэгтэй.
  • “Хийхгүй хүнд шалтаг олон” гэдэг. Ард иргэдийнхээ одоогийн байдлыг дээрдүүлчхээд дараа нь энэ талаар ярих нь зохимжтой.
  • Эрх мэдэл, авлигал, хээл хахуулийн хувьд хамаагүй цэгцрэх боломжтой. Нэг хүнд оногдсон эрх мэдлийг багасгах нь зөв.
  • Зуун ямаанд жаран ухна угаасаа хэрэггүй.
  • Нийгэмд үүссэн энэ буруу тогтолцоог өөрчлөхөд мэдээж эсэргүүцэлтэй тулгарна. Гэхдээ олон мэргэжилтэн оролцож байгаа гэж бодож, найдаж байна. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй.
  • Шинэчлэл хэрэгтэй юу гэвэл хамгийн их хэрэгтэй, гэхдээ маш сайн хэлэлцэж өнөөгийн нөхцөл байдлыг харгалзаж шийдвэр гаргах ёстой. Гэх мэтчилэн санааг хэлж байлаа.Хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн дийлэнх нь гишүүдийн тоог нэмэх асуудалд нааштай хандаж байгаа ч 152 болгох нь ихэднэ гэж үзсэн юм. Ард иргэдийн төлөөллийн оролцоог хангахаар ажиллаж байгаа гишүүдийн ихэдсэн эрх мэдлийг багасгахад гишүүдийн тоог нэмэх нь зөв шийдэл хэмээн иргэд үзэж байгаа аж. 152 бус 100, 108 байх нь хэвийн гэж олонхи саналаа хэллээ. Гишүүд цаашдын нөхцөл байдал ямар байгааг дурдаад иргэдийн саналыг өөрчлөлтийн төсөлд тусгана гэдгээ илэрхийллээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу