“Гаалийн улсын байцаагч би, Монгол Улсын тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлыг хангахын төлөө үнэнчээр зүтгэж, гаалийн хяналт, бүрдүүлэлт хийхдээ хууль, шударга ёсыг дээдлэн, гаалийн улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, хэний ч нөлөөнд үл автахаа батлан тангараглая. Өргөсөн тангаргаас няцвал төрийн хуулийн хариуцлага хүлээнэ” гэж гаалийн байцаагч нар Төрийн сүлдэндээ тангарагч өргөдөг. Гэтэл Гаалийн албан хаагч нартай холбоотой авлига, албан тушаалын ноцтой хэргүүд гарсаар байна. Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч нар давтан үйлдлээр, бүлэглэж болон дангаар хахууль авсан, нэр бүхий иргэд, компанийн ажилтнууд хахууль өгсөн хэрэгт 34 хүн холбогдож байлаа. Энэ бол ганцхан жишээ. Тэгвэл энэ сарын 10-ны өдөр буюу өнгөрөгч лхагва гарагт Дорноговь аймгийн Замын-Үүд дахь Гаалийн газрын Хорио цээрийн албаны байцаагч Д.Нямаа нарын гаалийн дөрвөн байцаагч, зорчигч тээврийн автобусны жолооч нар БНХАУ руу хууль бус бараа хилээр нэвтрүүлэх гэж байгаад баригджээ.

Тэд Замын-Үүд Эрээн чиглэлийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч Атибус компанийн автобусны жолоочтой үгсэн тохиролцож, хилээр гаргахыг хориглосон өнгөт чулууг их хэмжээгээр савлан, хяналт шалгалт хийлгүй нууж гаргах гэж байсныг хил хамгаалах байгууллагын албан хаагч нар илрүүлсэн байна. 

Зорчигч тээврийн автобусны жолооч болон Д.Нямаа нарын дөрвөн гаалийн ажилтанд эрүүгийн хэрэг үүсгэн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж эхэлсэн бөгөөд хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ. “Буяныг бүү гарга Бузрыг бүү оруул” хэмээх уриатай гаалийнхан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, үгсэн хуйвалдах, хахууль авах зэрэг гэмт хэрэгт холбогдсоор байгаагийн нэг жишээ энэ.

Д.Нямаа нь Дорнод аймагт Мэргэжлийн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байгаад Замын-Үүдийн гаальд Хилийн мэргэжлийн хяналтын байцаагчаар ажиллаж эхэлжээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар татан буугдсан тул чиг үүргийн дагуу Гаалийн ерөнхий газарт харьяалагдах болж, Хорио цээрийн улсын байцаагчаар ажиллаж байгаа юм.

Өргөсөн тангарагаасаа няцсан гаалийн ажилтнууд төрийн хуулийн ямар хариуцлага хүлээхийг харж байя. Гаалийн байцаагч нарын хууль бус үйлдэлтэй холбоотойгоор буян урсаж, бузар ч орж ирсээр байна. Байгалийн өнгөт чулууг олборлох, худалдах, худалдан авах, хадгалах явдал сүүлийн жилүүдэд их болсон бөгөөд зарим аймаг, сумд хариуцлага хүлээлгэхээр журамласан байдаг. Энэ төрлийн бизнес 2008 оноос хойш илт хүчээ авч Хэнтий болон говийн аймгуудын өнгөт чулууг ихээр түүж эхэлсэн нь чулуу ховордох шалтгаан болж байгааг холбогдох мэргэжлийн хүмүүс ярьдаг байв. Өнгөт чулуу хууль бусаар хил давуулах гэмт хэрэг он гарсаар 40 орчим бүртгэгджээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу