Х.Баттулга Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа АТГ-ын дарга Х.Энхжаргалыг чөлөөлж, оронд нь ЦЕГ-ын дэд дарга З.Дашдавааг “сугалж” 2019 оны тавдугаар сард томилуулж байв. Дан ганц АТГ-ын дарга бус прокурор, шүүхийн дарга нарыг хүрэл сольж байсан цаг саяхан. Тухайн үед АТГ-ын даргыг томилуулах бүрэн эрх Х.Баттулгад байсан тул ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ З.Дашдавааг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Хэнтийнхээ хүнийг АТГ-ын даргаар томилуулах санал тавьж, түүнийг нь У.Хүрэлсүх Х.Баттулгад уламжилснаар томилогдох нөхцөл бүрдсэн. Хэнтийнхэн гэдэг утгаараа Ерөнхий сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, АТГ-ын дарга нар нүүрсний хулгайн болон Хөгжлийн банкны хэргүүдийг шалгаж, шалгуулж байна.

Ноднингоос хойш АТГ-ын дарга З.Дашдавааг чөлөөлөх бор шувуу Төрийн ордноос халин хэвлэлээр бичигдэх болсон. Тэгвэл энэ удаа түүнийг дахин чөлөөлөх тухай яриа гараад эхэлсэн байна. Цагдаагийн ерөнхий газрын даргаар З.Дашдавааг явуулж, түүний оронд Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсад суугаа Б.Энхсүхийг томилуулах тохироо хийгдээд эхэлсэн талаар эх сурвалж хэллээ.

Б.Энхсүх өмнө нь Тагнуулийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байгаад Оюуны өмчийн газрын даргаар ажиллаж байсан. Тэндээсээ Элчин сайдаар томилогдож байсан билээ. Б.Энхсүх нь МАН-ын нөлөө хүмүүстэй ойр гэгддэг. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрөгч долоо хоногт ИБУИНХ-ын III Чарльзийг хаан ширээнд залах ёслолд оролцоод ирсэн. Төрийн тэргүүнийг тус улсад байх үед Б.Энхсүхийг АТГ-ын даргаар томилуулах яриа тэнд өрнөсөн гэх мэдээлэл байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу